2011/07/24

Монгол = хогийн сав?

Монгол улсаа төлөөлөн америкд суугаа элчин сайд, их хурлын гишүүд, улсын маань Гадаад явдлын яам зэрэг хариуцлага бүхий зөндөө олон хүмүүс, байгууллагууд "монголд цөмийн хаягдал хаяхгүй", "тийм яриа огтхон ч болоогүй" гэж удаа дараа үгүйсгэсэн тул хүмүүс тайвширч долоо хоног наадамлан зун цагийн сайханд налайсан билээ. Тэгтэл 7 сарын 18-д японы Майничи сонин “Америк, Япон, Монгол улс цөмийн хаягдал түлш монголд булшлах урьдчилсан зөвшилцөлд хүрлээ” гэсэн мэдээ нийтэлсэн нь монгол түмнийг сэртхийлгэн цочирдуулав.

Гэхдээ өнөөдөр монгол биш япон хүмүүс энэ мэдээг хэрхэн хүлээж авсан тухай бичих гэсэн юм. Юуны түрүүнд ихэнх япон хүмүүс энэ тухай огт мэдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан миний ярьж асуусан ажлын газрын, их сургуулийн, дугуйлан сонирхлын зэрэг хүрээний хүмүүсээс мэдэх хүн ч нэг ч байгаагүй. Зөвхөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн ухамсар муугийнх биш, бодит байдал ийм гэж бодож байна. Гэхдээ монгол судлаач эрдэмтэд болон монголыг сонирхдог, монголтой ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийн ихэнх нь эсэргүүцэж буйг баттай хэлнэ.

Дээрхи мэдээний тухай интернэтэд япон хүмүүсийн бичсэн коммэнтыг гурав хувааж болох байх: 
1) эсэргүүцсэн 2) зөвшөөрсөн 3) аль нь ч биш (“юу л болоод байнадаа энчдоо” маягийн коммэнт).

http://www.asyura2.com/11/genpatu10/msg/693.html
http://newtou.info/entry/5489/

Эдгээр коммэнтыг 1) олон хүн бичсэн буюу зонхилох коммэнт 2) сонирхол татсан гэх хоёр шалгуураар шүүж танилцуулбал:

Эсэргүүцэх:
・ пааах, монгол улс уурлаачээ
・ балиар юмаа, хоогоо ондоо оронд тулгахыг АЦС-ын хаягдлын асуудлыг шийдэх арга гэж байгаам байхдаа
・ гуйсан ч хийж болохгүй юм гэж байдаг даа
・ орчин үейн колончлолын нэг хэлбэр
・ монгол яагаад эсэргүүцэхгүй байнаааа
・ япон шившиг юмаа, энийг сэдсэн баагийнуудын уураг тархи нь ууршаад алга болсоноос гарцаагүй
・ новшийн америк, өөрсдөө өчнөөн цөл газартай байж, шал дургүй хүрчлээ
・ яаанаа, манай засгийн газар арай ч дээ
・ монголын засгийн газрыг мөнгөөр хуураад амыг нь таглаж болох юм шигээ. гэвч ард түмэн зөвшөөрөөгүй шүү. үнэн хэрэгтээ япон хүмүүс үндэс дамнасан пүүс компаниудтайгаа нийлээд монголын газрыг золиосонд гаргах төлөвлөгөө байна
・ монгол түмэн зөвшөөрөөгүй нь мэдээж, улс төрчдийн л явуулга байж таарна
・ америк ёстой эрээ цээргүй үзэж байнаа
・ ичгүүртэймаа, ийм юм гэж байхуу
・ би энэ гэрээг эрс эсэргүүцнэ. гэхдээ “монгол балиар заваан юм хүчээр тулгуулсан хөөрхий хохирогч” гэдэг үзэл бол буруу. монголын тал өөрсдөө хүсэн гуйж байгаа зүйл шдээ. мөхсөн хотод (ghost town) булна гэж байгаа, тэгээд ч монголын тал цөмийн технологитой болохыг эрмэлзэж байна, тиймээс “шинэ маягийн колончлол”, “сул доройгоо дээрэлхэх” явдал огтхон ч биш
・ америкууд л хийж байгаа хэрэг, манайхан тэдний өөдөөс үг хэлэх биш
・ япон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй
・ ичгүүртэй, байж болшгүй зүйл

Зөвшөөрөх:
・ хариуд нь эдийн засгийн тусламж, технологи ноухау аваад монгол ОК гэж байвал болоо шд
・ хаягдлалд асар их мөнгө зарцуулах байх, гэхдээ өөр арга ч үгүй болов уу
・ газар доор хэдэн зуун метрийн доор булахад яав л гэж сүртэй шдээ... тэгээд ч монгол улс ураны экспортоос эхсүүлэн хаягдал хүлээж авах хүртэл (эдийн засгийн) бүхэл бүтэн нэг салбар босгох гэж байна, мэдэж байнуу тануус. муу сайн сүржигнүүрүүд монголыг битгий хойш нь татаад бай
・ хэхэ үүнийг харин эсэргүүцэх онцын шалтгаан байхгүй шүү
・ шулуухан ярихад АЦС-ын хаягдлын асуудал байгалийн баялаг экспортлохоос ч илүү ашигтай бизнес. монгол хүсэж байвал яагаад үгүй гэж. аж үйлвэргүй монголын амьд үлдэхийн төлөөх сонголт. хоёр тал зөвшилцэж буй ховор тохиолдол байна шдээ
・ хэхэ, хятад монголын хил дагуу хөөрхөн цэвэрхэн булчихаарай
・ хүнгүй хувхай хотод хаяна гээ биз дээ
・ өөрсдөө хүсээд байхад татгалзах шалтгаан үгүй шд
・ улс хоорондын хуваарилалт гэдэг үүднээс боломжийн сонголт гэж бодож байна. техник технологи байхгүй ядуу орон амьд явья, улсаа хөгжүүлье гэж байвал шийдэмгий алхам хийхгүйгээр урагшлахгүй. хөгжсөн оронд ч гэсэн сургууль соёлгүй, мэргэжилгүй хүн заваан бохир ажил хийж амьдрахаас өөр аргагүй. ноль жорлон цэвэрлэх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гээд байвал тэр хүнээс ажлыг нь булаасантай адил. хорвоогийн жам хатуу шүү
・ ондоо орон хошуу дүрвэл ярвигтай юм болох байх даа, гурван орон гялс шийдчих хэрэгтэй
・ газар байнга хөдлөх японд (хаях) баттай газар байхгүй шдээ...
・ хүссэн юм хүзүү татна гэгч болох байх, гэхдээ өөрсдөө хүсэж байгааг хорих утгагүй, тэгээд ч япон хаях газаргүй юм чинь

Аль нь ч биш:
・ үүнд мөнгө ч ёстой урсах байх даа, хажуугаар нь (оролцогчид) хуга баяжна даа, харж л байгаарай
・ болж байгаамуу монгол, дор хаяж 10,000 жил хадгалах хэрэгтэй шдээ энэ хогийг
・ таарсан ч юм болж байна даа
・ угаас байгаа юмыг малтаж аваад, ашиглаад, буцаагаад булна. бас мөнгө орж ирнэ, техногитой ч болно... монгол нэг иймэрхүү тооцоо хийсэн юм байх даа... сонин гэх үү, тэнэг гэх үү
・ муужирлаа, ийм аймаар осол гараад байхад хаширахгүй юмаа
・ хогоо хөгжиж буй оронд хаяж болж байгаамуу... нэг л...
・ орос, хятад юу гэж байгаам энэ тухай
・ ёооноо, ийм юм зөвшөөрдөг ард түмэн байдгим байхдаа

Ажиглалт:
  1. Угтаа байж болохгүй асуудал боловч монголчууд өөрсдөө хүсээд гуйгаад байвал аргагүй гэж бодох япон хүн олон. Ингэхэд монгол хүмүүс бүгд хүсээд байна уу... айн?

  2. Хаанаас, ямар эх үүсвэрээс гарсныг хэлж мэдэхгүй боловч цөмийн хаягдал булшлах газар нь ойр хавьд амьд амьтны бараа үгүй, үхсэн хот буюу "ghost town" гэсэн мэдээлэл япон хүмүүсийн дунд тархсан бололтой. "Өргөн уудам онгон тал нутаг" гэдэг олон япон хүнд сайхнаар бууж, харах юмсан үзэх юмсан гэж сэтгэл хөдөлгөх зүйлийн нэг. Харин нэтэд "ногоон талд биш балгас хотод булна гэсэн шдээ” гэх коммэнт нэлээд харагдаж байна... юу гэж ойлгох уу? Мөн хаанахын, аль аймаг нутгийн "балгас хот" байж таарах уу?

  3.  Японы идэвх санаачлага гэхээс цаана нь Америкийн улсын явуулга байна гэж үзэх хүн олон
За тэгээд дор бүрдээ дүгнэлт хийнэ биз дээ.

2011/07/07

Ази 100 хүнтэй тосгон байсан бол...

Хятадад олон жил амьдарсан японы Мэйжигийн их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн багш Катоо Тоорүгийн "Хясаа болон хонины Хятад" номноос орчуулав.

Номны нэрийг жаахан тодруулбал, "хясаа" нь 貝 буюу "дун хясаа" гэх утгатай ханзны түлхүүр бөгөөд зохиолч зүүн, зүүн өмнөд нутгийн хятад хүмүүс, тэдний үүсгэсэн соёлыг “хясааны соёл” гэжээ. Энэ түлхүүртэй бусад ханз нь “хөрөнгө”, “худалдаж авах”, “зарах”, “мөнгө”, “мөрийцэж тоглох” (財 買 販 貨 賭 貯) зэрэг бүгд мөнгөтэй холбоотой бөгөөд гарт баригдаж нүдэнд харагдах хэлбэр дүрс бүхий баялгийг заана.

Эсрэгээр хонь буюу 羊 гэх түлхүүртэй ханз нь "сайн сайхан", "үзэсгэлэн" (義 美 善 養)зэрэг нүдэнд үл үзэгдэх баялгийг заах бөгөөд зохиолч хятадын баруун, баруун хойд зүгийн нүүдэлчин улсуудын бий болгосон соёл ахуйг “хонины соёл” гэж нэрлэжээ. Гэхдээ нүүдэлчин гэнгүүт л = монгол гэж ойлгож болкү шүү. Манжууд нүүдэлчин ард түмэн байсантай адил зохиолч аль 3000 жилийн өмнөх хятадыг ингэж хуваахаас эхсүүлээд манай эриний өмнөх Күнзийг хүртэл “хонины соёлд” хамруулж тайлбарлана. Өөрөөр хэлбэл, хятадын газар нутаг өргөжин тэлээгүй байсан үеийн “хясааны соёлтой” хятад болон эргэн тойронд нь байсан боловч эдүүгээ хятадад бүрэн ууссан “хонины соёлтой” улсууд хэрхэн нийлж хайлсаныг өгүүлээд, энэ өнцгөөс өнөөгийн хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээг тайлбарлахыг зорьжээ.

Доорхи орчуулга бол хятад хүмүүсийн газар нутгийн тухай үзэл бодлыг өгүүлэх бүлгийн нэг хэсэг юм. Дунд нь орж амьдарч үзсэн биш, хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээний тухай нэлээд олон зүйлийг энэ номноос олж мэдлээ. Бас япон хүний өнцгөөс харж унших сонин байлаа.

Оршил яахав, эрхэм уншигч зохиогчийн тааврыг хөнгөхөн тааж дөнгөнө биз дээ :)

Катоо Тоорү "Хясаа болон хонины хятад", 2006
加藤徹 『貝と羊の中国人』   
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  ... Ганцаараа нүд хаашаа бие тийшээ, тогтсон чиглэл төлөвлөгөөгүй аялан явж байгаад санаандгүй нэгэн тосгонд ирэв. Тосгоны тэг голд ойр хавийн байшингаас хэд дахин том хашаа гэр байх ажээ. Тэр гэрийн урдуур өнгөрөх гэж байтал нас өндөр өвгөн буурай хашааны үүдэнд гарч ирээд,
  - Чи холын аяны хүн үү? Би энэ тосгоны захирагч байгаа юм. Манайд орж, аяга цай ууж амраад аян замаа үргэлжлүүлбэл ямар вэ? хэмээн гэртээ урив. Би урилгыг дуртайя хүлээн авч гэрт нь орвол ам бүл тун олуулаа амьдардаг бололтой, гайхмаар өнөр өтгөн айл ажээ.
  Тосгоны захирагч намайг явуулын танихгүй хүн болохоор санаа нь амарсан уу, нэг мэдсэн яриа нь хөршүүдийн тухай гомдол болж хувирав.
  - Манайх гэдэг айл үеийн үед энэ тосоныг удирдан зохицуулж, захирч ирсэн юм. Даанч сүүлийн үед тосгоныхон минийг үгэнд орохоо больж дураараа авирладаг болоод байна. Ингээд тосгоны захирагч хамар хажуугийнхаа айл бүрийг нэг нэгээр дутагдлыг нь хэлж муулав.

  Тэр айл уул нь манайхаас тасарсан цусан төрөл боловч олны өмнө угсаа гарлаа умартсан үг хэлж ихэд даахалзах болсон. Ах захаа алдаад хорвоо ч юу л болж байна даа...
  Ондоо тэр айл, дээхэн хотын якүза нарт дээрэлхүүлээд хэцүү байхад нь манайх тусалсан юм. Тэгсэн одоо яаж байна? Хүний ачийг мартаад хазаж хялайх ч энүүхэнд болж.
  Тэр нэгэн айл манай гэрийн газраас дур мэдэн тасдан авч тариан талбай болгочихсон байгаа юм даа.
  Бас тэр айл жижиг атлаа хэмжээ хэрээ мэдэхгүй, гоёмсог гэр босгочихоод тосгоны захирагч намайг тоох ч шинжгүй, хотыхонтой л найзархаад байдаг болж. Манайхаас ч элбэг дэлбэг амьдарч байх юм даа. За, гэхдээ тийм юмнууд өөдөлдөггүй хойно, удалгүй сүйрэх байлгүй.
  Бусдыг муулах ч яахав, ядаж байхад амин бүлд минь ичих нүүрэндээ илгэ наасан хэдэн нөхөр байна. Гэрийнхнийхээ мууг хүнд дуулгамааргүй ч, нууцаар хотын якүза нартай нийлээд бие дааж гал таслана гэж зүтгээд байгаа нөхдүүд бий. Хөгшин надад амар тайван байх хором ч олгохгүй юм.

  Тосгоны захирагчийн яриаг сонсвоос энэ тосгонд хүн шиг хүн бол зөвхөн захирагч бололтой. Бусад нь амин хувиа хичээхээс цаашгүй зальтай, санаатай хүмүүс юм байна. Бүгд хөгшин буурлын сайхан сэтгэлийг ашиглан мэхэлж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх аж. Иймд би энэ өвгөн буурлыг өрөвдөхгүй байж чадсангүй.
  Удалгүй дайлж цайлсанд талархал илэрхийлээд захирагчийн гэрээс гарахад хажуугаар өнгөрч явсан тосгоны хүн намайг дуудаад
  - Та сая энэ гэрээс гараа юу. Юм юм л дуулаа биз дээ гэв.
  Би өөрийн эрхгүй толгой сэгсрэн үгүйсгэж,
  - Үгүй, үгүй. Захирагч надад тосгоныхоо түүхийг л ярьж өгсөн юм. Ярианаас нь би ихийг сурч мэдлээ гэж хариулав.
  Гэтэл тосгоны хүн яагаад ч юм уртаар санаа алдав.
  - Ярьдгаа ярьсаар л ... хэцүү ч юмаа даа. Тэр өвгөн манай тосгоны захирагч биш л дээ. Хэн ч сонгоогүй, сонгууль ч болоогүй байхад өөрөө захирагч захирагч гэж зарлаж тулгаад байгаа юм. Олон жил худал хэлээд, яваандаа давтсаныхаа тоогоор түүндээ итгэчихсэн бололтой. Иймдээ хүрэхээр өвчин л гэдэг байх даа...
  
  Миний толгой эргэх шиг болоход гэнэт нүдээ харж сэрэв. Зүүд байж дээ...

---------------

  Дээрхи бол миний “Хэрвээ ази 100 хүнтэй тосгон байсан бол” элэглэлийн (пароди/parody-г ингэж орчуулах зөв үү) нэг хэсэг. Үүнийг номдоо оруулсан минь учиртай. Айл гэр болгон нэг улсыг заана. Чухам аль гэр ямар улс болохыг мэргэн уншигч та тааж мэдэх үү.

2011/07/01

Мүраками муухай

Ёоооооо.... Мүраками, Мүраками  л гээд байхим. Уншсан уу, учрыг нь олсон уу, утга төгөлдөр санагдвуу ... etc. Бас болоогүй, мэдээж дуртай биз дээ, дүгнэлт өндөр биз дээ ч гэх шиг.

Үгүй яахав дээ, өнөөгийн японд байгаа хүн Мүраками Харүкиг тойроод тойроод хаа холдов гэж. Хоёр гурван зохиолыг нь уншсан, гайгүй санагдсан ч бий гайтай санагдсан ч бий. “Kafka on the shore” этрийг нь их л мундаг үнэлсим билээ. Гэхдээ хэхэ, би Мүракамиг рекламдахгүй муулах гэсим.

Оюутан байхдаа яаж ч эргүүтэж явсан юм бүү мэд “ねじまき鳥クロニクル” (англи нэр нь "The Wind-Up Bird Chronicle", оросоор "Хроники заводной птицы" ) гэдэг мангар урт номыг унших аядсан юм. Аядсан гэдэг дундаас нь дургүй хүрч дугуй хогийн сав уруу чулуудаж орхисон юм. Энэ номын нэг хэсэгт Халх голын дайн буюу японоор “Номонханы хэргийн” тухай гарна. За тэгээд монгол түмнийг тэнд юу гэж дүрсэлнэ гээч... Идэр залуу монгол цэргүүдийг "хорхой идсэн, шарлаж харласан, унаж цоорсон шүдтэй" гэж дүрсэлснийг нь энэ баагий монгол явж үзээгүй байлгүй, хөдөөний хүмүүсийн танан цагаан шүдийг хараагүй байлгүй, сахар чихэр идэж өсөөгүй 30-аад оны хүмүүсийн шүд ямар сайхан байсныг мэдээгүй байлгүй, ядаж 60-аад оны баримтат кино үзсэн бол монголчуудын яралзсан цагаан шүдийг харж ангайх байсан байлгүй гээд... яахав, өнгөрөөе. Аймшигт хэлмэгдүүлэлтийг үзсэн боловч "Эх орны торгон хилийг дайсны цэрэг давлаа, зарлаагүй дайн эхэллээ, арай хийж олсон тусгаар тогтнолд аюул нүүрлээд байна" гэж ард түмэн нэгдсэнийг "Монгол цэргүүд оросуудтай харьцуулахад байлдах ямар ч сонирхолгүй, хүсэлгүй, орос цэргүүдийн хуучин гутал хувцас өмссөн" гэж бичсэнийг нь яахав... монголчуудын үүх түүх, сэтгэл сэтгэхүйн тухай хумсын чинээ ч мэдлэггүй юм байна гэж өршөөе (би ер нь өгөөмөр шд).

Гэхдээ... хутга маш сайн эзэмшсэн гэхийн хажуугаар монголчууд хүнийг зүгээр буудаж алах ямар ч сонирхолгүй улс гэвэл яах уу? Шууд үхвэл үзвэр биш гэнэ. Монголчууд амьтныг тамлаж таашаал авдаг ард түмэн, хүний арьс өвчиж баясдаг гэвэл яах уу? Тэгэхдээ зүгээр нэг үхсэн хүний хүүр өвчихгүй, өвдөхгүй юм чинь шаал сонирхолгүй шдээ. Амьд хүний арьсыг уран аргаар, удаан хугацаанд тамлаж өвчинө, хөөрхий баригдсан этгээд улаан нялга болж шаналж зовсны эцэст цус алдаж үхнэ гэж байвал яах уу? Ухаан алдаж унана биз дээ. Монголчууд ийм бишээ гэж энэ номыг зэрэг уншсан япон, хонконг найздаа хэлж уурлахад өөдөөс “Уран зохил шдээ, бага зэрэг уран сайхны халил ороо байлгүй” гэвэл бас яах уу? Газар дээрээ нам муужирна биз дээ. Гэхдээ би мундаг тул муужраагүй ээ хэхэ... Дайсны цэргүүдээ, бишээ, үеийн хоёр найзаа сонсоцгоо гэж байгаад монгол түмэн, малчин ард, халх голын дайн, квантуны арми, бактереологийн зэвсэг гээд мангар урт лекци нэг амьсгаагаар уншиж сэнхрүүлсэн гэжүга. Одоо бодоход бас ч гэнки байж дээ.

Нэмж жаахан тодруулбал, монголчууд ийм тийм гэдгийг орос оффицер хэлж байгаам л даа, япон цэрэгт. Самурай нөхөөөр, чи эднүүсийг мэдэхгүй байна, эд нар дээр үед оросыг эзлээд яасан гэж бодно... одоо чамайг ингэх гэж байна, энэ хүн царайтай адгуусыг би сайн мэднэ, тиймээс чи бушуухан нууц захидлаа ч билүү бичгээ ч билүү бидэнд өгөөдөх, тэгвэл цэрэг эрийн ёсоор чамайг суллаж тавина гэж авна. Самурай япон мэдээж баатарлагаар таг гүрийнэ. Тэгэнгүүт монгол цэрэг саран хутгаараа мөрийг нь нэг нарийхан зүсээд л гарынх нь арьсыг хуу татаж хуулна, дараа нь хөл, дараа нь нуруу, тэгээд чих хамар, эцэстээ... ёоо болилоо. Гол нь япон цэргийг ингэж тамлаж алахыг бусад монгол цэргүүд шаал тоосон шинжгүй, өдөр тутмын явдал мэт харан зогссон гэжуга.

Гэх мэт Мүракамигийн бичсэнээр бол манайхны хүн тамлах аргын хажууд холливудын хоррор кино нь хонь хурга гардаг хүүхэлдэйн кино гэлтэй. Соц үед оросын Ян гээч баагий “Чингис хаан”, “Бат”, “Эцсийн далайн эрэг өөд” гурамсан романдаа монголчуудыг бүдүүлэг, хэрцгий (нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйн гэдсийг тоох ч үгүй хүүлдэг этр) зэрлэгийн дээд гэж бичсэнийг арай ч дээ гэж боддог байлаа. Гэхдээ яахав, тэр үеийн нийгэм нь тийм, оросод тогтсон үзэл суртал нь тийм, ганц үгүй гэж өмөөрдөг нь Гумилев байсан юм чинь. Харин Яныг давж бичих нь Мүраками байж. Бодвол Ян нөгөө ертөнцөд монголчуудын харгис хэрцгийг би дутуу дүрсэлжээ, дулимаг зохиожээ гээд амаа барьсан байлгүй. Тэгээд бодсон юм л даа... Мүраками монголд очиж үзээгүй, энд тэндэхийн хачин ном уншихад ийм юм толгойд нь орсон байх даа гэж. Аминхандаа ойлгохыг хичээсэн ухаантай. Тэгсэн үгүй бололтой... Ямар ч байсан энэ номоо бичсэнийхээ дараа 90-ээд оны дундуур монголд аяллаар ирж Халх голд очсон байна лээ. Гэхдээ монголд ирсний дараа бичсэн ганц хоёр эссэйг нь уншихад тэнд монгол хүмүүс алгаа, хов хоосон газар л японууд байлдаад байсан юм уу хаашаа юм... Монголд ирж нэгийг сонсож нөгөөг дуулах биш аль хэдийн өгөр толгойдоо өөрийн гэсэн өрөөсгөл үзлээ хийчихсэн ирж л дээ.

Ингэхэд Мүраками мандаад удаж байна аа... яавч эрүүл бишээ энэ үзэгдэл хэхэ. 2007 онд Москва явсан, мэдээж номын дэлгүүр шагайсан. Тэгсэн бөөн Мүраками. Орчин үеийн залуу хүн Мүракамиг уншаагүй бол ориг бүдүүлэгт тооцогдоно гэнэ. Бүр “Мураками” гэдэг хамтлаг байж байгаам чинь. Гэхдээ яахав, ганц хоёр ном эргүүлэхэд яагаад ч юм японоор уншсанаас илүү санагдсан. Орчуулгын сайн уу, миний япон хэлний муу юу, бүү мэд. Юутай ч оросоор хоёр гурван хуудас гарчиглахад арай ондоогоор бууж байна лээ, өрнийн европод нэр нь мандаж ном нь зарагдаж буйг ойлгох шиг болсон. Надаас ганц хоёр хүн дуртай юу гэж асуухад яахав дээ, ганц хоёр зохиолыг нь уншсан, миний бодлоор mediocre гэж хариулсан, үнэндээ ч тэгж боддог юм чинь.

Хэзээ билээ, Чинагийн Галсан гуайн ярилцлага уншиж байсан юм. Хэмингуэйг хүндэлж шүтдэг байсан боловч африкийн тухай зохиолыг нь уншаад, амьтны амь хороож ан агнах өвчтэйг нь мэдээд дургүй болсон гэж байсан. Үүнтэй хоёр гараа өргөн санал нийлнэ. Жилд нэг удаа учир начиртай чоно авлаж байвал бас яахав. Тийм биш зүгээр л дайралдсан том, сүрлэг сайхан амьтан бүрийг будаад байгаам чинь. Бас ичихгүй ч надад африк сонин биш, хүмүүс хүүхэд нь падгүй, түүх соёл нь хэрэггүй, зүгээр л амьтан буудуулаад аль гэж байгаам даа. Монголд нэг баагий мөнгөөр онгоц хөлсөлж ирээд тийм юм хэлж ярьж бичвэл яах уу. Алуулна биз дээ. Тэр номыг уншсанаас хойш акул загас агнах зэрэг бусад тэмдэглэл зохиол нь ч арай ондоогоор (муугаар) буух болсон.

Мүраками ч гэсэн Хэмингуэй шиг юм болсон гэх үү дээ... ганц номыг нь уншаад дурааааак вэ гээд дургүй болсон. Дургүй болсон тэр номыг хассан ч онц гэж дүгнэхгүй. Ялангуяа эссэй энэ тэр нь нэг уншаад мартагдана, дахиж уншмаар санагдахгүй. Ер нь энэ хоёр hardboiled баагий нэг л бишэээ.

Эргээд харсан чинь... үнэн удаан цам харайжээ, унтаж амрах минь.