2011/06/30

К. Сакёо "Хуучин байшин"



  Комацү Сакёо "Хуучин байшин", 1978  
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)


  Үдшийн бүрийд гэнэт шатны зүгээс чимээ гарах шиг болоход би гайхсандаа чих тавин чагналаа. Уул нь хүн амьтны хөлөөс хол, эгүй зэлүүд газар хэний ч юм бэ барьсан энэ ханхар том байшинд ганцаараа амьдарч байгаа юмсан... Муу байшин минь хуучныг ч хэлэх үү, хүмүүсийн дур булаах дөрвөн хант дөрвөлжин хэрхэвч биш. Тийм учир угийн зожиг зантай, хүн амьтнаас хол, ганцаар амьдрах дуртай надад яг л таарсан оромж юм. Өдий хүртэл анир чимээгүйд бясалгал хийж амгалан тайван амьдарч байлаа... Гэтэл яг одоо, энэ байшинд амьдарснаас хойш анх удаа, бясалгалыг минь хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл тасалдуулав.

  Шатны дор гарцаагүй хэн нэгэн байсан шүү...
  Хүнд юм чирж буй мэт дуу, үл ялиг ярианы шивнээ, шалаар явах хөлийн чимээ... энэ бүхэн хоёр давхарт байгаа надад тодоос тод сонсогдсон юм. Миний хамаг үс босох шиг болж бүх биеэр хүйт оргиод явчхав. Энд амьдарснаас хойш ийм юм тохиолдох нь анх удаа. Би хэсэг зуур унтлагын өрөөндөө хөлдсөн мэт хөдөлгөөнгүй байснаа арай хийж зориг орон шатаар доош бууж үзэв.
  Шатаар буухад зүрх минь гайхаж цочирдсондоо зогсчих шахав – манай тоос шороонд дарагдсан өргөн коридорт гэрэл ассан байлаа! Би техник технологийн орчин үед ор тас дургүй. Тиймээс өдий хүртэл байшиндаа цахилгаан чийдэн асаасан удаа үгүй билээ. Гэтэл хэн нэгэн гэрэл асаасан байх юм...

  Ийнхүү балмагдан зогсч байтал гэнэт коридорын цаад захын үүд алгуурхан хаагдаж харагдав... Тэгэхээр саяхан үүгээр хэн нэгэн яваад өнгөрчээ. Би айдсаа арай ядан дийлж шатаар буув. Тэгээд хаалганд сэмхэн дөхөж очоод аяархан түлхэж онгойлгоод дотогш шагайв. Гэтэл энэ өрөөнд ч гэсэн хэдэн жил асаагүй гэрэл асч байх юм. Мөн дотогш шагайсан яг тэр мөчид цаад булангийн зочны өрөө рүү орох хаалга тас хийн хаагдав... Надад цааш явах зориг байсангүй, би өрөөний хаалгыг аяархан хаагаад хонгил руу орох шатаар доош бууж үзэхээр шийдэв.

  Тэгтэл хэдэн жил онгойлгоогүй хонгилын хаалга ч хагас нээлттэй, хагарсан цонхны завсраар салхи исгэрэн орж байлаа. Сэмхэн дотогш гулсан орвол цахилгаан хуваарилах шүүгээ нүдэнд тусав. Гэвч... хаалт нь нээлттэй, хэн нэгэн цоо шинэ гал хамгаалагч суурилуулсан байх юм! Ингэхэд хэн гэгч нь... Миний мэдлийн хажуугаар болоод байгаа энэ бүхэнд гэнэт уур хүрээд би гүйн очиж цахилгаан хайрцгийн утсыг тасалж, шинэ гал хамгаалагчийг нь авч хаяв. Тэр даруй шатан дээрээс хорвоогийн ямар ч амьтны амнаас гарамгүй аймшгийн муухай орилох дуу сонсдов. Мөн дээд давхрын шалаар уур хилэндээ бачуурсан араатан нааш цааш таваргах хөлийн чимээ ч чих дэлсэв. Тэр аймшгийн чимээ төвөргөөнд балмагдсандаа би өөрийн эрхгүй чихээ таг даран харанхуйд сөхөрч суугаад энэ бүхэн бушуухан дуусаасай л гэж залбирч байлаа.

  Хэдий хугацаа өнгөрсөн бол?
  Дээрхи шуугиан арай хийж намдах шиг болоход би амьсгаагаа даран харанхуйд сэмээрхэн шатаар өгсөж эхэллээ. Гэвч хоёр гурван шат ахиснаа гэнэт дээш харвал, подвалын үүдэнд бүдэг гэрэл тусах шиг болов. Гайхаад дахин сайн харвал харанхуйд ганц лаа агаарт хөвж явна. Юу нь үл мэдэгдэх хар сүүдэр лааны суурийг барин хөлөө чирсээр хонгилын шат руу ойртоно. Пад, пад, пад гээд хөлийн чимээ хонгилын шатны голд ирэхэд би тэсэхээ байж, айсандаа чарлан хашгирч тэр хар сүүдрийн хажуугаар хамаг хурдаараа дээш гарахыг завдав. Тэр даруй энэ дэлхийд байж боломгүй төмөр зүсэх мэт аймшгийн муухай дуу гарч, өнөөх сүүдэр барьж байсан лаагаа над руу шидэв. Хонгилд архирах, хашгирах, юм хагарах, юм унах нүсэр шуугиан дэгдсэн ч би хоёр давхар өөд хамаг хурдаараа харайлгаж гараад өрөөндөө орж үүдээ лав хаав. Орондоо орон хөнжил нөмрөхөд хамаг бие хүйт оргин чичирч байлаа.

  Шөнө дунд...
  Гэнэт нүдэнд үл үзэгдэх аймшигт хүч намайг орноос чирж гаргав. Яаж ч эсэргүүцээд нэмэргүй, дийлж давамгүй далдын хүч аалзны шүлс мэт ухаан мэдэл, хүч чадлыг минь мохоон намайг унтлагын өрөөний гадагш татаж гаргав... Би хамаг хүчээ шавхаж байдгаараа эсэргүүрцсэн боловч тэр хүчнээс бултаж үл чадна. Тиймээс зүүдэндээ явдаг хүн шиг дэн дун унтлагын өрөөнөөс гарч нүдэнд үл үзэгдэх утсанд татагдан шатаар буув. Орилж хашгирч хүн дуудъя гэвч дуу гарахгүй байлаа.

  Шатаар буугаад урт коридорыг өнгөрөөд дэн дун зочны өрөөнд татагдаж ойртов. Даруй үүд нээгдэхэд зочны өрөөний ханын зууханд улаан гал дүрэлзэн асаж, тэр тамын гэлтэй улаан хүрэн галын гэрэлд аймаар царайтай эр эм гурав зогсаж байх нь бүдэг бадаг харагда аж. Эмэгтэйн сүүдэр намайг харангуутаа аймшгийн дуугаар орилов. Нүд нь хурцаар гэрэлтэх эр миний зүг загалмай шиг юм чиглүүлэхэд нүдэнд үл үзэгдэх хүчний уяа тэр загалмайгаас гарч байсныг мэдэв.

  – Хэн бэ чи? гэж загайлмай барьсан эр дотор арзасхийм дуугаар хашгирахад миний хамаг айдас хүйдэс тэр мөчид дээд цэгтээ хүрч дэлбэрсэн болов уу. Би үхлийн ирмэгт ирсэн мэт байдаг чадлаа шавхан тэр эр рүү дайрч, өрөөний ширээг эргүүлэн шидэлж, тавиур энэ тэрийг агаарт хөөртөл цохиж унагав. Тэр даруй аймшгийн орилоон чарлаан, тачигнаан түчигнээн зочны өрөөг орвонгоор нь эргүүлэх шиг болов.

------------------------------------------

  Маргааш нь үд дунд хоёр давхрын унтлагын өрөөний цонхон доор хүмүүс байр зуучлагчийг дайран зандарч байлаа.
  – Хэдий хямд гэлээ ийм байшинд амьдарна гэдэг гонжийн жоо!
  – Сүнстэй бол сүнстэй гээд анхнаасаа хэлэх хэрэгтэй шдээ!
  Гэвч зууч өдий болтол тийм яриа дуулаагүй гэж дахин дахин давтан тайлбарлаж байв. Ингээд байдгаараа уурлаж минчийсэн гурав машинд сууцгаав. Тэдний холдон одох моторын дууг сонсоод би унтлагын өрөөндөө арай хийн цээжээ даран тайвшрав.
  Ашгүй, нурж унах хүртэл нь энэ муу байшиндаа ганцаараа анир чимээгүйд бясалгал хийж амар тайван амьдрах боллоо. Хэдий сүнс ч гэлээ, тийм аймаар юм дахин бүү давтагдаасай гэж хүсэж залбирах минь.

4 comments:

sirus said...

sain baina uu? bi tanitai holboo barih gsn um. Ta zovshoorvol mail hayagaa uguh esvel virus364441@yahoo.com ene idg nemeech?

Anonymous said...

ypon hii uzegdel ihtei gdg,unen u.

chuups said...

oo laitai, togsgol ni goe bailaa

Сүрэн said...

> Anonymous
harinee... tiim yaria bol zunduu baidag. tanij medeh hudal heleheergui humuus ch neleed yaridag. gehdee hen medlee tee

>chuups
thanks :)