2011/05/17

"Рашёомон" өгүүллэг - нэрний учир


  Акутагава Рюноскэ япон үлгэр домог болон эртний уран зохиолоос санаа авч бичсэн зохиол олонтой. Жишээ нь "Рашёомон" өгүүллэг нь Хэйан үеийн (794-1185/1192) сүүл хэсэгт зохиогдсон японы эртний уран зохиолын дээжис, "Конжякү моногатари" буюу "Эрт эдүүгээгийн цоморлигийн" 29-р ботийн 18-р өгүүллэгээс санаа авч бичсэн зохиол болохыг хүмүүс мэдэх байх. Конжякүгийн эл өгүүллэг Акутагавагийн зохиолтой нэр бөгөөд үйл явдлын хувьд төстэй: Хэйанкёо буюу одоогийн Кёото хотын гол хаалга дээр нэгэн барлаг эр үхдэл хүүрийн үс зулгааж буй эмгэнэтэй тааралдна. Харин Акутагава энэ зохиолын нэрийг тэр чигээр нь зээлдэж авахдаа нэгэн бяцхан өөрчлөлт оруулсан нь монгол хэл рүү орчуулах аргагүй бөгөөд гагцхүү ханз үсэг сурсан хүмүүст л ойлгогдоно.

  Эрт эдүгээгийн цоморлигийн эл өгүүллэгийг японоор 羅城門 гэж бичнэ. 羅城 (ражёо) гэж дээр үеийн хот цайзыг тойруулж барьсан хэрэм хаашааг хэлэх бөгөөд 門 (мон) гэдэг нь “хаалга” гэсэн утгатай ханз юм. Нийлээд 羅城門 (ражёомон) гэдэг нь хот уруу орох гол хаалга гэсэн утгаатай болно (дээрхи зураг бол Кёотогийн урлагийн музейд хадгалагдаж буй Ражёомон хаалганы загвар). Харин Акутагавагийн өгүүллэгийн япон нэр нь 羅生門 буюу "Рашёомон" тул зохиолч голын ханзыг өөрчилсөн нь илэрхий. Ингээд асуулт...

  Акутагава ямар учраас 羅門 гэдэг нэрийг 羅門 болгож өөрчлөв?

  Айхтар асуулт мэт боловч зохиолыг уншсан бөгөөд ханз мэддэг хэн ч гэсэн амархан хариулж дөнгөх байх. “生” гэдэг нь “төрөх”, “амьдрах” гэсэн утгатай ханз. Зохиолын баатар бузар булай, муу муухайгаас жигшин зэвүүцэх ч эцэстээ муу замын мөр хөөнө. Амьдралын эрхээр хүн юу ч хийж магад, эмгэн шиг бузар булай үйлийн хүчинд “амьд явах” хүн ч байна... Үхэх үү сэхэх үү, өлсөх үү хулгай хийх үү... энэ бүхний цаана хүний амьдрах хүсэл, амьд явах хүслэн байгааг Акутагава ийнхүү ханз өөрчилж харуулсан болов уу.

8 comments:

GaNaaOU said...

Тийм шүү, үг гэдэг учиртай.

Сүрэн said...

yes ! :)

Anonymous said...

Рашёомон энэ ханзны япон дуудлага нь уу?

Хятадаараа бас 羅城門 луо-чен-мен
羅生門 луо-шен-мен

зүгээр л хятад япон ханзны дуудлага харьцуулан судлагч

Сүрэн said...

羅城門 ра-жёо-мон
羅生門 ра-шёо-мон

城 япон дуудлага нь "широ", хятад дуудлага нь "жёо", "сэй".

生 олон дуудлагатай ханзны нэг.
япон дуудлага нь "икирү", "үмарерү", "үмү", "нама" зэрэг, хятад дуудлага нь "шёо", "жёо", "сэй".

Таны ачаар 羅城門-ны дуудлагыг тодруулалгүй, "рашёомон" гэж ойлгогдохоор бичсэнээ мэдэж заслаа.
Хятадаар 羅城 ямар утгатай бол? Япон утгатай адил уу?

Dashka said...

Сайн байна уу? Татгалзахгүй бол өөрөөс чинь нэг тусламж гуйх санаатай. Би Эдогава Рампогийн нэг зохиол сонирхоод байгаам Нэр нь Beast in the shadows /陰獣/ Оросоор Чудовище во мраке. Англи орос нэр ч адилхан байна. Харин япон нэр шал өөр юм. Минийхээр бол японы үлгэр домгийн нэг мангасын нэр бололтой. Гэтэл би япон хэл мэдкү ханз бүр танихкү ш дээ. Хамгийн гол нь тэр мангас яадаг мангас болоод /минийхээр Зевс аянгын бурхан гэдэг шиг/ Рампо зохиолдоо энэ нэрийг өгсөнийг мэдкү байна. Эсвэл би буруу бодож байгаа байх. Үнэхээр ханз нь Харанхуйп нуугдсан мангас гэдгийг илэрхийлж байгаам уу. Би орчуулах төлөвлөгөөтэй байгаам. Харин хэзээг бүү мэд Туслан гэж найдаж байна.

Сүрэн said...

Сайн байна уу?

Японд хэлэнд 陰獣 гэх үг байхгүй, 「陰獣」гэж гүүглэдэд Эдокава Рампогийн нэртэй роман гэсэн тайлбар л гарч ирнэ. Тиймээс зохиолч хоёр ханз нийлүүлж зохиосон үг гэж хэлж болно. Ийм явдал японы уран зохиолд элбэг тохиолдоно, хүмүүс ханзны утгаар нь зохиолчийн санааг шууд ойлгоно. Ханзны утга нь:

陰獣 = 陰 + 獣

陰 (in, kage) сүүдэр, далд гэсэн утгатай ханз.
http://www.saiga-jp.com/cgi-bin/dic.cgi?m=search&sc=0&f=0&j=%E9%99%B0&g=&e=&s=&rt=0&start=1&sid=1315189391_14556

獣 (kemono, kedamono)
япон толины тайлбарыг махчилж орчуулбал "бүх биеэр нь үс ургасан дөрвөн хөлт сүүгээр бойжигч амьтан". Тиймээс араатан амьтан гэх утгаар хэрэглэгдэх тохиолдол байвч ихэвчлэн beast гэх утгаар хэрэглэгдэнэ. Оросоор чудовище, монголоор алмас юмуу мангас гэж буух байх.
Жишээ нь, диснейлендийн "Beauty and the Beast" хүүхэлдэйн киног японоор "美女と野獣" гэж орчуулсан байна лээ. 野獣 нь "зэрлэг" гэх утгатай "野" ханзын ард 獣-г залгаж бий болсон үг
http://www.saiga-jp.com/cgi-bin/dic.cgi?m=search&sc=0&f=0&j=%E7%8D%A3&g=&e=&s=&rt=0&start=1&sid=1315189391_14556

Англи орчуулга нь ханзны утгыг барьсан гэж хэлж болох байх. Оросоор "Чудовище в тени" гэж орчуулаагүй "Чудовище во мраке" гэсэн нь зохиолын утгыг илүү голлосон болоод тэр байх.

Орчуулганд амжилт !! Орчуулахаараа хэлээрэй :)

Dashka said...

Их баярлалаа. Энэ ханзыг нь Inju гэж дууддаг юм уудаа. Энэ зохиол их сонирхолтой санагддаг юм л даа. Өөрийг чинь уншсан эсэхийг мэдэхгүй юм. Сүүдэрт нуугдсан мангас гэж орчуулъя даа. Уг нь би хийж буй юмаа хүнд хэлэх маш дургүй. Гэхдээ би орчуулж байгаа. Орчуулгыг өөртөө зориулж өөрийн чөлөөт цагаар оюунаа амраах гэж хобби маягаар жаахан жаахан хийдэг болохоор их уддаг юм. Ер нь миний энэ орчуулага нар үзэхгүй ч байж магад. Рампо ер их хачин хачин юм бичдэг. энэ зохиолыг уншаад байвал эргэн тойронд чинь нуугдсан муу муухай зөндөө байдаг. Харин чи түүнийг анзаардаггүй. Гэтэл мангас дэргэд чинь л нуугдаж байдаг... Хүн сандал, The watcher in the attic, улаан тасалгаа ...Далимд хэлэхэд өөрийн чинь орчуулгууд ялангуяа Акутагаваг орчуулж байгаа нь тун сайхан санагдаж байгаа шүү. Акутагава миний шүтээн юм л даа. Каппа-гаас бусад нь гайхамшигтай. Өөрийг чинь Хэзээ нэгэн цагт орчуулгуудаа эмхэтгэж ном болгоод хэвлүүлнэ гэж найдаж байна.

Сүрэн said...

тийм, ин-жүү гэж уншина.

Рампо сонин юм их бичнэ тээ. Хүн сандал гээд гурав дөрвөн өгүүллэг л уншиж байсан. Аймарррр санагдаад цааш уншаагүй. Цэвэр аймшгийн зохил биш боловч уншаад хэсэгтээ эвгүй, сонин болно...

Хийж буй юмаа хүн хэлэхгүй гэдэг зөв шүү... Би хавийн амьтанд хэлчихээд яасан ийсэн бэлэн болсон уу, аан.. ахиад л амжаагүй юу гэж гөө мөн олон хэлүүлнээ :D

Нар үзэхгүй гэж юу гэсэн үг вэ, no no no цаг зав, хүч хөдөлмөр гаргаж хийсэн юмаа бусадтай хуваалцах хэрэгтэй шүү :)

Би ч гэсэн Акутагавагийн Каппа-д дуртай биш, нуршуу санагддаг