2010/10/26

Хүлээхүй

Найзынхаа орчуулсан турк зохиолч Нэжип Фазилын шүлэг толилуулая.
Аймаар зүйрлэж байгаа биз ... хүнийг хүлээнэ гэдэг аргагүй хэцүү еэ...
 
 Necip Fazıl Kısakürek (1904-1983)
 Beklenen

 Ne hasta bekler sabahı,
 Ne taze ölüyü mezar.
 Ne de şeytan, bir günahı,
 Seni beklediğim kadar.

 Geçti istemem gelmeni,
 Yokluğunda buldum seni;
 Bırak vehmimde gölgeni,
 Gelme, artık neye yarar?

    Нэжип Фазил "Хүлээлт"
    Орчуулга: С. Наранжаргал


     Үхлүүт өвчтөн шүд зуун өглөөг хүлээхээс ч илүүтэй
     Өгөр булш шинэхэн цогцос тосч хүлээхээс ч илүүтэй
     Өмхий чөтгөр гэм нүглийг гэтэж хүлээхээс ч илүүтэй
     Өөрийг чинь би хүлээсээн, хүлээсэн.

     Болъё доo, одоо болъё, ирэхийг чинь би хүлээхгүй
     Байхгүйд буйг чинь би олсон
     Бодлын хоосонд сүүдрээ л чи орхи
     Бусдаараа ирлээ гээд яах ч билээ дээ

        The long awaited  
        transl. by Selda Eryilmaz

        
Neither a patient awaits the morning
        Nor a grave do a newly dead
        And the devil awaits a sin, either
        As much as I wait for you

        I don't want you to come any more
        I have found you in your absense
        Your image shall fill my mind,
        Your return doesn't matter anymore

2010/10/02

2010 Питер: сууж амрах & ажиллах

6. Сууж амрах

Орос европын хотууд хаа сайгүй түшлэгтэй урт сандал ( bench-ийг ийм нуршуу үгээр орчуулах зөв үү үгүй юу..) –тай байх нь сайхан. Үүгээр түүгээр явж байгаад зүгээр сууж амрах шиг сайхан юм хаана байна. Харин япон гэвэл... hehe... нэгэн орос хүний хэлснээр “сууж амармаар байвал кафе ор, кафе орсноос хойш та ядаж аяга кофе авах хэрэгтэй гэж хэлээд байх шиг бүхний цаана мөнгө тооцоо харагдаад дургүй хүрмээр ”. Токиод үнэгүй ярьж суух, амарч суух газар үнэхээр ховор. Толгойд орж ирэх нь Ёёги зэрэг хэдэн парк (зарим нь гэхдээ ороход хураамж авна), болон Жиюүгаока төдий. Оросууд bench сандала үгүйлэх нь аргагүй байх. “Амьдралд нулимсанд дургүй” зэрэг ганц хоёр орос кино үзэхэд гудамж, паркны bench орос хүний амьдралд хичнээн чухал байр суурь эзэлэх нь ойлгомжтой: хүүхдүүд тойрч гүйж тоглож унана, залуучууд болзож сайндаж муудаж сална, хөгшчүүл нарлаж найтааж нар жаргахыг харна...

7. Яах вэ ?
Орон нутгийн залуучуудад төрөлх хотдоо ажил амьдралаа товхинуулах уу, ганц амьдарсных том хотыг зорьж өдөр шөнөгүй үзэж тарах уу гэдэг нөгөө Чернышевскийн номын нэр шиг аугаа том асуудал. Фростын “The road not taken” шүлэг шиг амьдралыг “before and after”-д хуваах том шийдвэр. Орос улс уудам боловч улам ихийг хүсч мөрөөдөх залууст очих газар дөрөв л байна: Москва, Петербург, Новосибирск болон Екатеринбург. Тэр дундаа хамгийн амбиц ихтэй, хүч чадлаа үзье, юу чадахаа мэдье, энэ биеэ сорьё гэсэн нь Мокваг зорино. Питерт ч гэсэн хямралаас өмнө өдөр болгон хар үүрийн богооноор Москва явж ажиллаад шөнө дөлийн богооноор ирдэг, эсвэл таван хоног Москвад ажиллаад хагас бүтэн сайнд гэртээ харьдаг "мундаг ажилтай cool залуу/бүсгүйчүүл" нэлээд байсан гэнэ. Олон хүнээс Москва бол амьдрах хот биш ажиллах хот, тэнд хүмүүс ажиллахын төлөө л ажилладаг зэрэг таагүй коммэнт сонсов. Үнэхээр Москватай харьцуулахад Питер арай л тайван бөгөөд хүмүүс нь найрсаг. Гэхдээ л надад Моква гоё. Гэвч энэ тухай өмнө нь бичиж байжээ http://surensuren.blogspot.com/2009/05/blog-post_9312.html

Долоо хонохдоо оффиссээс бараг гараагүй тул энэ удаагийн өнгөц ажиглалт маягийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

2010/10/01

2010 Питер: зам & хүмүүс

    

5. Замын хөдөлгөөн
Оросуудын тухай миний нэг бодол гэвэл монгол хүмүүстэй харьцуулахад олон үгтэй, ярих дуртай, ер нь жаахан “нервный” талын улсууд. Шийд ойлгомжтой байхад “ингэх үү, тэгэх үү, болих уу” гээд л мунгинаад байна. За тэгээд хүнтэй суух зэрэг амьдралын "серьёзный" асуудалд тулчихвал бүр ядаргаа... Манайхан шиг хүүхэдтэй болоод гялс суучихна гэж бараг байхгүй. "Она не она", "пора не пора", "он не он", "надо не надо" гээд толгой нь эргэчихнэ. Хэдэн үеийн сэхээтэн гэр бүлээс гаралтай мэдлэг боловсрол сайн байх тусам элдэв янзын эргэлзээ нь ч нөгөө арифметик билүү юу билээ прогрэссээр өснө (гэхдээ мэдээж хүн болгон адилгүй, миний л хийсэн нийтлэг маягийн дүгнэлт). Ингэхэд юу ярих гэж байлаа, сэдвээсээ бүр тасарчихсан тууж байна. Оросууд хэрэгтэй хэрэггүй юманд их нервтдэг гэж ярьж байлаа даа... миний энэ онош манайхны хамгийн их нервтдэг асуудалд тулж очоод бут үсрэн будаа болов.

Питер хотод замын түгжрэл гэж найгүй. Долоо хоног ажил руу болон ажлаас зочид буудалд руу хүргүүлэхэд зам хахаагүй өдөр байгаагүй. Хоёр ч удаа 3 км орчим түгжрэлд оров (навигийн заалт). Өдөр 10 мин явсан газрыг орой 50 минутанд туулах юу ч биш. Гэхдээ долоо хоноход машины чагнаал(*) дуугарахыг нэг ч удаа сонссонгүй. Нээрэнгээсээ. Гайхаж байгаам чинь... Бас түгжрэл ч бай юу ч бай зам тавьж өгнө, урдаа машин оруулна. Нэг л удаа өндөр саарал жип урдуур даахалзахад биднийг хүргэдэг орос “Ну почему не уступил, ну почему бы и не уступить. Извините, вот такие у нас водители ” (яагаад зам тавьж өгсөнгүй вэ, уучлаарай манай жолооч нар ийм л байгаам даа ) гээд... Би монголд юу болдог тухай ярих гэснээ болив. Бас нэг зүйл: манайхан осолын гэрэл асааж байгаад хоёр цагаан зураас дээгүүр туугаад байдаг даа... эргэн тойронд цагдаа байхгүй, түгжрэл урт, эргэе гэвэл эргэж болох атал тийм янзаар дүрэм зөрчих хүн ч харсангүй. Гол нь чагнаал сонсоогүйд гайхав. Ленинград хотынхныг эртнээс найрсаг тайван гэдэг, аан уун гэж ярилцсан ч аймшигт түгрэлжд орсон ч тэр нь өөрчлөгдөхгүй нь сайхан.

------------------------------------
* оросоор сигнал гэдэг ч манайхан дуудлагаа дагаад чагнаал гэх нь зөв байхаа... вагон - богоон ч мөн адил.