2010/04/12

Горький & цагаан толгой

Бага ангийн сурагч байхдаа Горькийн хүүхэд ахуй насаа дурсан бичсэн "Детство" тууж уншаад нэгэн зүйлд ихэд гайхаж байснаа санадаг юм. Горький өвөөгөөрөө цагаан толгой заалгахдаа бид нар шиг “А, Б, В, Г” биш “Аз, Веди, Буки, Глаголь” гэж үсгээ цээжилнэ. Энэ тухай багшаасаа асуухад “дээр үед тэгж цээжилдэг байв” л гэсэн. Дутуу дулимаг хариулт тул жаахан дургүй хүрч “дээр үед тэгж цээжилдэг байсныг энэ номноос мэдлээ, мэдчихээд багш танаас яагаад гэдгийг асууж байна” гэмээр санагдсан ч хүүхэд байхын л даруухан Сүрэн хэлэн дээр гарсан үгээ хэлэлгүй өнгөрсөнсөн.

Дээр үед орос цагаан толгойн бүх үсэг өөрийн гэсэн нэртэй байсныг, бүх үсгийн нэрс нийлээд нэлээд гүнзгий утгатай болохыг бүүр сүүлд мэдэж билээ. Жишээ нь “А, Б, В, Г, Д ,Е Ж” гэсэн эхний хэдэн үсгийн нэрс нь “Аз, Буки, Веди, Глаголь, Добро, Есть, Живете” болно.

Утга нь гэвэл:
   Аз – я (би)
   Буки – Бог (бурхан)
   Веди – ведать, знать (мэдэх)
   Глаголь – делать, творить (хийх, үйлдэх; тиймээс үйл үгийг оросоор “глагол” гэдэг)
   Добро - сайн үйл, сайн сайхан
   Есть - оршихуй, буй
   Живете - амьдрал

Энэ бүхнийг нийлүүлээд тун чөлөөт байдлаар орчуулбал:
   "Я, Бог ведаю, (что) творить добро есть жизнь"
                  ↓
   Сайн үйл үйлдэх нь амьдрал мөн (амьдралын зүйд нийцнэ) гэж Бурхан би мэдэж (айлдаж) байна.

Орос цагаан толгой ийм сургаалиар эхлээд цааш задалбал слав үндэстний үнэт сургааль, сонирхолтой түүх болж хувирна. Зарим орос эрдэмтэд цагаан толгойгоо тайрч тасалж багасгасаар байгаад бид энэ их мэдлэг, нарийн нандин соёлын өвөө алдлаа гэж ихэд гасална. Та нараас болж уйгаржин бичгээ алдаад бид бас юугаа алдсан бол гэж бодохоор...

No comments: