2010/03/26

Хорин мутрын сар 2 (төгсгөл)




   /үргэлжлэл/

 Онгоц нисэхэд 18 цаг дутуу байлаа. Удирдлагын танхимд Лагэрссон, Фултон, Паульсэн эмч, Алексей, Ирина нар дахин цуглав.
 - За тэгэхээр, юу ч болсон ксемедринд гар хүрч болохгүй. Би 60 кило ксемедрин авчирах тушаал авсан, би 60 кило ксемедрин авч очих болно, нэг ч грамм дутаахгүй гэж ахмадыг хэлэхэд бүгд зөвшөөрсөн байдалтай толгой дохилоо.
 - Одоо тэгээд яах вэ? гээд эмч санаа алдав. “Мэдээлэх самбар 64 кило хэтэрсэн гэж зааж байна. Энэ илүү 64 килог олж хаяхад бидэнд 18 цаг л байна...”
 - Бид тэр илүү 64 килог хэзээ ч, хаанаас ч олохгүй. Учир нь одоо манай хөлөг дээр нэг ч илүү юм байхгүй гэж хэлээд Лагэрссон найзуудыгаа тойруулан харсан боловч тэд асуудлын учир, уран шийдвэр бүгд зөвхөн ахмадын гарт байгаа мэт өөдөөс нь ширтэнэ.
   Доороос нисэгчдийн дуу сонсогдов. Тоглоом наргиан болж байсан хэд дуугаа таг хурааж, нисэгчдийн дургүйцэл бага багаар ихсэж буй нь илт.
 - Та нар надаас юуг хүсэв? – өөдөөс ширтэх найзуудаасаа Лагэрссон ууртайгаар асуув. – Мэдээж, бүгдээрээ сугалаа татаад “Хэн анзгүй нь энд үлдэж үхнэ” гэж хэлэх хамгийн амар. Ганцаараа, золбин нохой мэт...
  Үүнийг дөрвөн офицер дуугүй өнгөрөөж, гагцхүү яахаа мэдэхгүй бас зэмлэнгүй харцаар Лагэрссоныг хараа салгалгүй ширтэнэ.
 - Эсвэл та нарын хэн нэг нь намайг хөлөг онгоцоо орхих ёстой гэх бодож байна уу? Мэдээж би ахмад. Ахмадын хувьд үлгэр дууриалал үзүүлэх ёстой гэсэн үг үү?
 - Хэн ч тэгж хэлээгүй гэж Фултон дуу муутайхан дуугарав.
 - Инээдтэй юм. Аюул нүүрлэсэн тохиолдолд хөлгийн ахмад хамгийн сүүлд хөлөг онгоцоо орхих ёстой. Харин та нарын бодлоор би түрүүлэх ёстой юу? гээд Лагэрссон эвгүй өнгөөр инээв.
 - Арне, онгоц газардахад антиграв хаагдсан байсан. Антиграв алдагдсан биш, зүгээр гэмтсэн байж болох уу?
 - Юу гэсэн үг вэ?
 - Мэдээлэх самбар 64 кило илүү жин зааж байгаа ч алдаа байж болзошгүй. Бид хөөрөх гээд үзвэл ямар вэ?
 Лагэрссон хором бодсоноо “Тэгье, хөөрөх гээд үзье” гэв.
 Хорин минутын дараа Алексей хөөрөх товчлуурыг дарснаар хөлөг онгоц бүхэлдээ чичирхийлж эхэллээ. Лагэрссон альтиметрээс хараа салгалгүй зогсох агаад түгшүүрт 15 секунд үүрд үргэлжлэх мэт түүнд санагдав. Даанч хөлөг хөөрсөнгүй. Лагэрссон ууртайгаар,
 - Ноль! Бид нэг сантиметр ч газраас хөндийрсэнгүй! гэж хашгирав.
 Бүгд дахин цуглахад ахмад Паульсен эмчээс “За, өөр ямар санаа байна?” гэж тавлах аятай лавлав.
 - Аа одоо... хоолоо туйлдаа хүртэл сойхоос өөр арга алга. Гурав эсвэл дөрөв хоногийн дараа бид нэлээд турвал нисэж болох байх.
 - Тэгэх боломжгүй.
 - Өөр арга чарга алга, ахмад аа. Эсвэл бид ксемедрингүй ниснэ, эсвэл багаараа турахыг хүлээнэ.
  - Эмч ээ, та нислэгийн цаг, чиглэлийг эртнээс тоцоолсныг мартаад байх шиг. Нислэгээ хэд хоногоор хойшлуулбал замдаа В36 үүл буюу гарцаагүй үхэлтэй таарна. Тийм учир эсвэл 18 цагийн дараа, эсвэл 20 өдрийн дараа, үүл өнгөрөхийг хүлээж байгаад нисэх болно.
 - Нислэгийн чиглэлийг өөрчилж болохгүй юу?
 - Үгүй. Чиглэлээ өөрчлөхийн тулд гаригийн тойрог замд гарах хэрэгтэй. Тойрог замд гарахад хөлөг онгоц хурдаа алдана. Хурд алдаад тогтохгүй бусад эрсдэл ч нэмэгдэнэ. Эцсийн дүнд хориод хоног хоцрох болно. Хорин хоног хоцроход юу болохыг та ер төсөөлж байна уу?
 - Төсөөлж байна! – эмч биеэ барьж чадалгүй хашгирав. – Дэлхий дээр цаг тутамд 30 мянган үхэж байна гэж та мянга дахин давтан хэлсэн! Гэлээ гээд би яах юм? Тахал дэгдсэн нь миний буруу юу?
 - Дуугаа аядаарай!
 - Үгүй шүү! Та миний саналыг асуусан, би асуултанд хариулж саналаа хэлж байна!

 Лагерссон дахин юм хэлэлгүй буруу харав. Тэрээр толгойгоо гудайлган тойргоор явж байснаа ганц, хоёр удаа гараа өвдтөл хөлгийн хана цохисноо “Одоо яая гэхэв” гэсэн байдалтай “За тэгвэл, хоногийн хоолны хэмжээгээ хоёр дахин бууруулъя” гэв.
 - Тэгж болохгүй, Арне – Фултон тайван дуугаар хариулав – Хоногийн хэмжээг аль хэдийнээ хоёр дахин бууруулсан байгаа, одоо шахмал хоолноос хэдхэн кило л үлдсэн. Бид бас усны нөөцөө бодолцох хэрэгтэй.
 - Тэгвэл 64 литр ус асга!
 - Арне – Фултоны царай барайв – Усны нөөцөө хар л даа. Бид тэртээ тэргүй дусал болгоноо хэмнэж байна. Ус, хүчилтөрөгчөөс дахиж хасвал өөд болно л гэсэн үг.
 - Одоо тэгээд яалтай билээ – Лагерссон амандаа бувтнаад, аргаа барсан янзтай эргэн тойрноо харав. Онгоц дээр өөр хаячихмаар юм үлдээгүй гэж үү? Гэвч удирдлагын танхимийн бүх хөшүүрэг, үлүүр, самбарыг салган авч хаясан төдийгүй онгоц доторх цутгамал биш угсармал бүх зүйлийг хэдийнээ гаргаж хаясан байлаа.
 - Муу хар бүхэл биет! Задалж салгаж болохгүй нэг эст! – Лагэрссон аргаа барсандаа бархирч, торонд орсон араатан мэт бачимдангуй нааш цааш холхино. Гэнэт түүний харц Иринагийн өтгөн шаргал үс дээр тусахад хурц хайч урт үсийг нь туг тугаар хайчилж буй зураг толгойд нь зурвасхийн орж ирэв... Үгүй үгүй, энэ бол гарц биш, багийнхаа бүх гишүүдийг хуслаа гэхэд 200 юмуу 300 граммаас илүү гарахгүй. Гэхдээ хайчны тухай манантсан бодол өөр ондоо аймшигт дүр зураг араасаа дагуулав... Ой санааны хаанаас ч юм "Саван түрхэж байгаад ав. Авагдахгүй бол хуруунаасаа сална гэж мэдээрэй" гэсэн харгис үг орж ирэв.
- Эмч ээ гээд Лагэрссон түдгэлзсэн аястай дуудав.
 - Сонсож байна, ахмад аа.
 - Эмч ээ... гэснээ Лагэрссон дахин эргэлзэж, чичирсэн хуруугаараа эрүүгээ үрэв. “Эмч ээ, хүний гар хэр хүнд вэ?”
 Санаандгүй асуултанд Паульсен цочирдож,
 - Янз бүр. Дунджаар гурав, дөрвөн кило гэж аярхан хариулав.
 - Эмч ээ, бидэнд таны туслалцаа хэрэг болох нээ – Лагэрссон сонин царайтай жуумалзан хэлэхэд Паульсен эмч юу ч хэлэлгүй аврал эрсэн харцаар бусдыгаа ширтэв.
 - Эмч ээ, та хорин гар тайрч чадах уу?
 Паульсэн ууртайгаар мөрөө хавчив.
 - Та хорин гар тайрч чадах уу?
 - Мэдээж чадна. Гэхдээ би нэжгээд байтугай нэг ч гар тайрахгүй! Яасан ч тийм юм хийхгүй!
 - Миний тушаалаар хийх болно! – Лагэрссон чангаар хэлж туяат буугаа гаргахад Паульсэн эмч өөрийн эрхгүй нэг алхам ухарч зогсов.
 - Би эмч хүн! Та надад тийм тушаал буулгах эрхгүй! Үгүй гэж танд давтаж хэлье!
 - Паульсен, та намайг ойлго л доо – Лагерссон гуйж аргадсан дуугаар хэлэв. “Бодоод бодоод бодын шийр дөрөв. Би хасаж болох 64 кило оллоо. Таны үүрэг бол тушаал биелүүлэх. Хэрэв та татгалзвал... би хүч хэрэглэхээс өөр аргагүй болно”.
 - Бурхан минь, та чинь адгуус юм уу, аль эсвэл алдар нэр хөөсөн арчаагүй амьтан юм уу? – Паульсэн уулга алдав. “Харихад Дэлхий танд хөшөө тавина гэж мөрөөдөө юу? Мөрөөдөл чинь тэндээ хэвтэнэ, ийм юмны төлөө мөрдлөг үүсгэдэг юм...”
 - Одоо боллоо! – Лагэрссон эмчийн яриаг тасалахад Фултон, Алексей, Ирина нар ахмад уруу дөхөх гэсэн боловч Лагэрссон өрсөн “Байрандаа!” гэж тушаав.  
 - Та нар сонсож байна уу ? Ахмад галзуурчихаж, бидний гарыг тайрах гэж байна! – Паульсэн эмчийн үгэнд Иринагийн царай нь цайж өөрийн мэдэлгүй Алексейг түшив.
 - Хүмүүс ээ, сонс доо – Лагэрссоны дуунаас ядарч туйлдсан нь илт – Сонс доо найзууд аа, та нарыгаа өөр хэн гэх вэ... Үнэхээр би эрүүлээр сэтгэхээ больсон байх. Эсвэл эмчийн хэлснээр хямд алдар эрсэн ч байж магад... аль эсвэл өөрөө өөртөө гай уршиг тарьж байж магад. Гэхдээ энэ бүхэн дэмийн хоосон яриа бөгөөд энэ хооронд бид үнэт цагаа алдаж байна. “Ибист” ямарваа нэгэн аюул учирахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Та нарын амь насанд ч мөн адил. Зүгээр 20 хоногийн хожигдол байсан бол асуудлыг шийдэхэд амархан: жаахан дасгал хийж, жаал хоолоо сойход бид энэ муу Титанаас хөөрөх л байсан. Гэхдээ нэг өдөр байтугай нэг хором ч алдаж болохгүйг та нар хэлүүлэлтгүй мэдэж байгаа – сая сая хүний амь нас дэнсэн дээр байна... Та бүхнээс хэмжээлшгүй их золиос шаардаж буйгаа би мэдэж байна. Ахмадын хувьд намайг өөрийгөө золиослох ёстой гэж бодох хүн ч байж магад, гэхдээ тэр бол шудрага биш гээд Лагэрссон хэсэгтээ дуугаа хурааснаа,
 - Би та нарт хагас цагийн хугацаа өгье. Би нэлээд бодож бор толгойгоо гашилгасан, одоо та нарын ээлж. Ганц гар хайран байвал 64 килогоос салах ондоо арга олцгоо. Эс олдвоос бид бүгд гараа тайруулна - ахмад нэмж нухацтай хэлээд яриагаа дуусгав.
 Лагэрссон хүйтэн хөлсөө арчаад сульдан сөгдөв. Зовхи нь хүнд оргиж, нүд нь анилдаж, хараа нь манан татуулсан мэт бүрхэг болоход халуурч байна уу даа гэж бодогдов. Фултон мэдээлэх самбарыг налан хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсоно. Паульсен эмч амандаа юм бувтнаад, булангаас булан уруу унан тусах аядан алхана. Харин Ирина, Алексей хоёр бие биедээ наалдан чив чимээгүй зогсож буй харагдав.
 - Та хэд юу бодож байгааг би мэднэ – Лагэрссон дахин ярьж эхлэв. “Хэн нэгэн уур хилэндээ над уруу дайрахад би буудахаас өөр аргагүй. Тэгвэл бүх асуудал аяндаа шийдэгдэнэ... Даанч ганц гараа золиослоход гацах хүмүүс яалаа гэж алтан амиа тийм тэнэгээр алдах гэж. Үгүй дээ нөхөд өө, энэ удаа бид бүгдээрэ хувь хувиа хүртэх болно.”
 - Фултон... – Лагэрссон сул дуугаар дуудав – Чи сайн дураараа, гав ганцаараа энэ хараал идсэн Титан дээр үлдэж үхэж чадах уу?
2-р нисэгч дуугай хөмсгөө зангидахад,
 - Чадах уу, Фултон? гэж Лагэрссон дахин шалгаав.
 - Мэдэхгүй дээ, Арне... Үгүй байх аа.
 - Тэгвэл яагаад та нар буруутгаж зэмлэсэн харцаар намайг цоолох шахан цоо ширтэнэ вэ... Бид ямар зөгий шоргоолж биш... Бид хорхой шавьжнаас долоон доор хулчгар хуурмаг хүмүүс л юм даа.

 Нүдээ анихад Лагэрссонд ар араасаа аймшигт дүр зураг харагдана. Өвчтнөөр дүүрсэн эмнэлэгүүд, ор дэр хүрэлцэхгүй эмнэлгийн үүд коридорт хэвтэх хүмүүс. Арга чарга байхгүйдээ арчаагүй доройгоо харааж зүхэх эмч нар. Хүний хүүр зөөсөн үй олон цуваа. Хайлуураас (*1) гарах үнэр утаа... аажмаар утаат үүл болон хувирснаар устаж үгүй болох хүн төрлөхтөн.
Лагэрссон хронометр цагаа харж,
 - За, цаг дууслаа гэхэд зовнилт нам гүм бүгдийг дарж цөхрөл, айдас хөлгийг нөмрөх шиг болов.
 - Мэдлээ гээд Паульсен эмч түрүүлж дуугарав. “Бид бишгүйдээ л нэг нэгнийгээ доромжилж, долоон үг хаялцлаа. Одоо харин ажилдаа орцгооё.”
 Паульсэн “Надад шархны боолт, олон боолт мөн гаргаж хаясан эм, эмийн хэрэгсэл хэрэгтэй” гэв. “Бас нэг туслах хэрэгтэй” гэхэд тэр даруй хэзээ ч юм анагаах ухааны сургуульд сурч байсан Жоог дуудав. Жоо харин ганцаар биш үй зайгүй үргэлж хамт явах Боб Аржитай найзтайгаа цуг ирэв.
 - Жоо, чи судсанд тариа хийж чадах уу?
 - Хийж л байсан, эмч ээ.
 - Боб, чи гадагш гарах өмсгөлөө өмс. Хөлгийн гадаа хаясан юмнуудын дунд хоёр, гурван хайрцаг ороолт боолт байгаа, тэдгээрийг олоод ир. Эмчээс өөр бас юу хэрэгтэйг асуу – Лагэрссонг ийнхүү тушаахад Боб мэгдсэн байдалтай ахмадаа харж хэсэг зогсов. Хөлгөөс гарангуут үүд хаалга тас хаагдаж, энэ мөсөн цөлд орь ганцаар хоцрох мэт санагдаж өөрийн эрхгүй түүний айдас хүрнэ. Лагэрссон ч Бобын байдлыг ойлгосон бололтой. Гэхдээ “Тушаал бол тушаал” гээд хэлснээ давтахыг завдтал хажууд байсан Фултон үгийг нь тасалж “Би яваад ирье” гэв. Лагэрссоны магнай сая л нэг тэнийлээ.
 - Фултон, чи надтай санал нийлж байна уу?
 - Хэзээд нийлдэг шүү дээ, Арнэ.

 Лагэрссоны цээжинд хурсан хар зангилаа алга болох мэт санагдаж гүнзгий амьсгаа авав. Бодол санаа нь цэлмэж, судсаар гүйх цусны эргэлт хурдасч, бие болон сэтгэл зүрх нь сэргээд ирэх шиг болов. Лагэрссоны өрөөгөөр нааш цааш алхан тушаал буулгаж, заавар өгч, гүйцэтгэлийг нь шалгаж эхэллээ.
 Фултоныг ороолт боолт, бас бус эмчийн захисан юмтай буцаж ирэхэд Лагэрссон хөлгийн багдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдлагын танхимд дахин цуглахыг тушаалаа. Хэлэх үг нь товч бөгөөд тодорхой байв. Багийн гишүүд чив чимээгүй үгийг нь сонсох агаад зарим нь гайхаш тасарч амандаа ус балгасан мэт зогсоно. Гэнэт чимээ аниргүйг Клифт Ивенсийн уйлах дуу таслав. Том эр хүн бусад хүүхдүүдийн хийсэн хэргийн төлөө шийтгүүлсэн бяцхан жаалхүүг шиг уйлж,
- Яагаад?! гэж хашгирав. Яагаад энэ ксемедринийг хаяж болохгүй юм? Ксемедриныг хаяад, эсвэл хорин хоног хүлээгээд нисье!
 - Клифт чи эхнэртэй юу? – Клифт толгой дохив.
 - Хүүхдүүд бий юу?
 - Хоёр хүүхэдтэй.
 - Тэгвэл Клифт, намайг ойлгохыг бод. Бид сарын өмнө дэлхийгээс ниссэн. Энэ хугацаанд эхнэр хүүхдүүд чинь өвдсөн бол яана?
 Клифт дахин толгой дохин, нулимсаа арчаад толгойгоо өндийлгөв. Гэвч зарим гишүүд илт хорсож дургүйцсэн харцаар ахмадыг ширтэж, хэн нэгэн дохио зангаа өгвөл дайрахад бэлэн янзтай нударгаа зангидан зогсоно. Энэ бүхэн ахмадын харцнаас мултарсангүй, тэрээр туяат буугаа гаргаж ирээд хана өөд чиглүүлэв.
 Аяндаа аймшигт тушаал дуулсаны гайхаш, айдас арилахад нисэгчдийн харцнаас уур хилэн алга болж царай нь хэвийн болов.
 - Хамгийн эхэнд би орно – Лагэрссон намуун дуугаар ярьж эхлэв – Хамгийн сүүлд Фултон. Энэ бол та нарт үл итгэсэн хэрэг биш. Гэхдээ... илүү дутуу гарч болзошгүй зүйлээс сэргийлэх хэрэгтэй учир. Мэс заслын дараа миний бие тэрүүхэндээ өөдтэй байхгүй нь ойлгомжтой, тиймээс түр хугацаанд хөлгийн удирдлага Фултоны мэдэлд очно. Фултоны ээлж иртэл миний байдал дээрдэх байлгүй. Бусад 18 гишүүд ямар дараалалтай мэс засал хийхээ сугалаагаар шийдээрэй. Бас нэг анхааруулах зүйл: сүүлийн хүний гарыг тайрахаас өмнө хөлөг онгоц хөнгөрөөд хөөрөх боломжтой болж магад. Гэвч үүнд найдах хэрэггүй шүү. Бидний нэг биш, нэлээд биш, бид бүгд гараа тайруулах тавилантай гэдгийг санарай. Гэхдээ мэдээжийн хэрэг эмчээс бусад нь... Хорин гар гаргаж хаясны дараа л би хөөрөх товчлуур дарах болно. Туяат буугаа ч хөөрсний дараа хаяна. За ийм байна даа.
 Лагэрссон яриагаа дуусгаад багийнхаа гишүүдийг эргүүлж харахад Алексей, Ирина хоёр жаахан зайдуу бие биенийхээ гарыг тас атган зогсоно. Лагэрссон тэдэн дээр очин:
 - Ирина, надад үнэхээр харамсалтай байна. Алексей та хоёр... гэж эхэлснээ хэлэх үг олдохгүй гацахад Алексей юу ч хариулсангүй. Ирина ч дуугүй зогсох агаад хоюулаа гунигтай боловч тайван харцаар ахмадаа харна. Лагэрссон анх танилцаж буй мэт нисэгчдийнхээ царайг харан цааш алхаж Паульсэн дээр очоод,
 - Эмч ээ, би бэлэн. Эхэлж болно гэв.

 Багш Дэвидийг дуудаж “Уншиж дууссан уу?” гэж асуув. Дэвид ширээнээсээ босч номоо барин самбарт гарахад хацар нь улайж, нүд нь гялалзах ажээ.
 - Яагаад Титаныг “Хорин мутрын сар” гэдгийг мэдэв үү?
 - Мэдлээ, багш аа.
 - Тэгэхээр, Дэвид, “Ибис”-ийн тэр нислэгээс хойш 400 жил өнгөрсөн юм. Тэр үеээс хойш сансрын нисэгчид олон жил амь биеэ хайрлалгүй ажиллаж зүтгэсний эцэст “Хүрэн мутар” одонгоор шагнуулахыг хамгийн эрхэм, нэр төртэй хэрэг гэж үздэг. Энэ бүхнийг ойлгов уу?
 - Ойлголоо, багш аа. Харин... харин Паульсен эмч яасан бол?
 - “Ибис”-ийн эмч үү... – Круппэн багш санаа алдав – Паульсэн эмч мөн адил олон одонгоор шагнуулж, олон түмний хүндлэл хүлээсэн юм. Харин дараа нь... зарим сурвалжид эмчийг ослоор нас барсан гэдэг, заримд нь амиа хорлосон гэдэг...
 - Амиа хорлосон гэж үү?! Яагаад вэ, багш аа?
 - Мэдэхгүй дээ, хүү минь. Тэр үед зөвхөн эмчийн гарыг тайрах хүн байгаагүй учраас тэр болов уу...
 Дэвид харцаа бууруулахад Круппэн багш ярьж эхлэв. Тэрээр хязгааргүй үргэлжлэх сансар огторгуйн тухай, цэнхэр Дэлхийн зовлон жаргалаас ангид мичид эрхсийн тухай, хэмжээлшгүй хол орших одон орны гайхамшгийн тухай өгүүлнэ.
 Дэвид байрандаа очиж суухад багш хичээлээ үргэлжлүүлсээр. Багшийн үл ялиг гуншаа дууг сурагчид ховсдуулсан мэт чагнан сонсоно.
 Зөвхөн Дэвид л өөрийн бодолдоо автсан байлаа. Жаалхүү маргааш гэрийнхээ даалгаврыг сайн хийж ирэх тухай бодно. Мөн дахиж одон орон судлалын хичээл дээр найзуудтайгаа ярьж үймүүлэхгүй гэж шийдэв. Гагцхүү өнөөдөр түүнд багшийнхаа яриаг сонсох ямар ч арга алга. Миний шийдвэрийг сонсоод аав минь гуних байх даа гэж бодогдов. Дэвид мэс засалч болохоо болихоор шийджээ – өнөөдрөөс эхлэн дэлхийн бөмбөрцөг түүнд дэндүү давчуу санагдана. Дээш харахад ангийн хананд өлгөөтэй огторгуйн зураг харааг нь булаав. Аажмаар эргэн тойрны эд юмс холдон алга болоход Дэвид ангидаа ганцаар үлдэж, холын оддын шидэт гялбаанд илбэдүүлэн тэдний “Нааш ир” гэж мяралзан дуудахыг харан сууна.

----------------------------------------------------------------------------------------------------------

*1 хайлуурь - англиар "crematorium", оросоор "крематорий". 1967 оны Дамдинсүрэн, Лувсандэндэв нарын толинд "хайлуурь" гэж орчуулсан байна. Өөр санал болгох үг байвал хэлж өгөөрэй.

2010/03/25

Хорин мутрын сар 1




Зиак, нэг хүнд амласнаа биелүүлж нэгэн зохиолын орчуулга буюу Итали зөгнөлт зохиолын суурийг тавьсан Лино Алданигийн өгүүллэг оруулъя. 1967 онд бичигдсэн зохиол болохоор зарим зүйл нь өнөөгийн бидний инээдийг хүргэж магад боловч бодууштай зохиол... Эцэст нь асуухад, ахмадын шийдвэрийг та дэмжих үү? Эсвэл хэн нэгнийг золиосонд гаргаж үлдээх ёстой байсан гэж үзэх үү?

  Лино Алдани "Хорин мутрын сар", 1967
  Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

 - Дэвид Портлэнд, самбарт гар! – Круппен багш ангийн журналаас хараагаа салган хэлэхэд Дэвид ном дэвтрээ зайлуулснаа ширээнээсээ дурамжхан босов.
 - Өнөөдрийнхөө хичээлийг давтсан уу?
 - Давтсан, багш аа.
 - Маш сайн байна. Санчир гариг хэдэн дагуултай билээ?
 - Арав.
 - Сайн байна. Тэднийг нэрлээд ямар дараалалтайгаар нээснийг нь хэл дээ.
 - Титан... гээд Дэвид итгэл муутайхан нэрлэж эхлэв. “Япет, Рея, Диома, Тэфпя, Энцэланд, Мимас, Гипэрпоп...” – Дэвид түгдрээд, биеэ чангалснаасаа болж минэрч улаагаад гутлынхаа үзүүрийг цоо ширтэн зогсоно.
 - Зөв, за цааш нь үргэлжлүүлээрэй гэж багш нь жаахан дэмжив. “Өөр хоёр дагуул дутуу байна, нэг нь Фэба нөгөө нь ...?”
 - Фэба, Тэмпэ хоёр.
 - Зөв. За одоо хоёрдугаар асуулт. Титаныг өөрөөр юу гэж дууддаг вэ? 
 - Титаныг уу? “Хорин мутрын сар” гэдэг.
 - Яагаад гэдгийг тайлбарла даа.
 - Мэдэхгүй багш аа.
   - Мэдэх ёстой байсан даа гэж багш нь зэмлэнгүй хэлэв. “Би өнөөдөр сурах бичгийн нэмэлт номоос уншаад ирээрэй гэсэнсэн. Хэрэв уншиж ирсэн бол миний асуултанд хариулах л байсан”
 - Тийм л дээ багш аа, гэхдээ би... уншихаа больчихсон юм.
 - Яагаад тэр вэ?
 Дэвид Портлэнд жаахан эргэлзсэнээ багшаа эгцэлж хараад “Одон орон судлалд дургүй учраас” гэж палхийтэл хэлэхэд анги чив чимээгүй болов. Сурагчид бүгд гайхсан харцаар Дэвидын царайг ширтэнэ. Харин Круппэн багш өхөөрдөнгүй инээмсэглэв.
 - Тийм, дургүй гэж Дэвид зориг орон давтан хэлэв. "Бүр тэсмээргүй гээч. Тэгээд ч... надад ямар хэрэг болох юм энэ одон орон судлал? Би сансрын нисэгч болохгүй. Би аав шигээ мэс засалч болно. Гэхдээ хаа нэг гариг дээр биш, энд Дэлхий дээр мэс засал хийнэ".
 Багш нь дахин инээмсэглээд, 
 - Чи мэргэжлээ дэндүү эрт сонгосон юм биш үү? Бодлоо өөрчилвөл яах уу? гэж асуухад Дэвид юу гэж хариулахаа мэдэхгүйдээ бас багшийнхаа ширтэх харцнаас дальдирч гараараа нүдээ далдлав.
 - Дэвид, наад номоо өг дөө – Багш Дэвидийн номыг авч гялс гарчиглан хуудас эргүүлэснээ нэг нүүр дэлгээд эргүүлэн өгөв.
 - Май, энэ хэсгийг унш. Энэ бол 21-р зууны үл мэдэгдэх зохиолчийн өгүүллэг. Анхааралтай уншаарай, би чамайг дахин нэг асууна шүү.
   Найзууд нь инээж шоолоход Дэвид толгойгоо гудайлган суудал уруугаа гэлдэрч очив. Тэгээд гүнзгий гэгч нь санаа алдаад, ангийхандаа хэлээ нэг харуулж хэгжүүн царай гаргаж мушилзснаа номоо уншиж эхлэв.

   Та бүхэн ерөнхий байдлаар ч атугай нэг эст биетний бүтцийг мэдэх үү? Ингэж асуухын учир нь “Ибис” сансрын хөлөг нэг эст биетэнтэй адил байсан юм. “Ибис”-ийг хийж бүтээхдээ хэсэг хэсгийг нь нийлүүлж угсраагүй, боолтоор боож бэхлээгүй бөгөөд бүрээс бүрхүүлийг нь гагнаагүй юм. Өөрөөр хэлбэл Ибис хөлөг зарим хэсгийг нь сольж засаж, аль асвэл авч хаяж болдог бүтэцтэй механизм биш байв. Эрдэмтэд хамгийн сүүл үеийн технологи, молекул хүчний онолыг баримталж түүнийг бүтээсн юм.
   Гаднах байдлаараа “Ибис” орчин үеийн бусад сансрын хөлгөөс онц ялгарах зүйлгүй, гагцхүү хэмжээгээрээ багавтар бөгөөд хурд жаахан муутай байлаа. Түүний бүтцэд ганц хоёр дутагдалтай тал байсныг би үгүйсгэхгүй. Гэхдээ л жаран жилийн өмнө Ибисийг анхны сансрын аялалд гарахад Крузиус, Благович хоёрын төсөл биелэн бүтэж, хүн бүр техник технологийн гайхамшиг болсон энэхүү хөлгийг шагшин магтаж байлаа.
   “Ибис” цахилгаан соронзон удирдлагатай байв. Тийм учир Крузиус, Благович хоер гариг хоорондын нислэг хийхэд тийрэлтэт хөдөлгүүртэй түлш шатахуунаар ажилладаг сансрын хөлөг хэрэггүй болохыг бодитоор баталж чадсан юм. Эсрэг таталцлын орны үүсгүүр(*1) буюу хүмүүс товчилж “антиграв” гэж нэрлэсэн тусгай хурдасгагчийн ачаар сансрын хөлөг ямар ч орон зайг сансар огторгуйг нэвт сүлбэх таталцлын шугамын дагуу амархан туулах боломжтой болов. Энэ бол жинхэнэ гайхамшиг, техникийн хөгжилд эргэлт хийсэн нээлт байлаа.
   Ийнхүү 2045 он нь цөмийн энергийн төгсгөл, цахилгаан соронзон эрин үеийн эхлэл болсон билээ. Харамсалтай нь 2045 он хүн төрлөхтний түүхэнд мөн хамгийн эмгэнэлтэй он жилүүдийн нэг болж үлдсэн юм. Ибис туршилтын гурав дахь Дэлхий-Ангараг-Дэлхий нислэгээ амжилттай дуусгасан яг тэр үед дэлхий дээр гэнэт шар тахал дэгдсэн юм. Тэр аймшигт өдрүүдийг одоо хамгийн өндөр настангууд л санаж байгаа байх. Гэхдээ мэдэхгүй, хатуу харгис явдал тохиолдоход хүний тархины хамгаалах реакци, бас далд ухамсрын өөдрөг үзлийн хууль давхар ажиллаад хүн таагүй хэцүү үйл явдлыг мартах хандлагатай байдаг. Ямар ч байсан энэ цөвүүн оныг дурдаагүй түүх болон анагаах ухааны ном байхгүй билээ.
   Хагас жилийн дотор дэлхийн хүн амын бараг хагас буюу хагас тэрбум хүн амь насаа шар тахлаас болж алдсан юм. Харин нөгөө хагас нь амьд үлдэх азтай байсан нь Титан дээр олборлож байсан ксемедрин, түүнийг авчирахын тулд Санчир гаригийн зургаа дахь дагуул өөд гайхамшигтай хурдан нисэж очсон Ибисийн ач тус байлаа.

   Үнэндээ энэ бол аюултай нислэг биш байв. Тэр хүртэл хүмүүс Санчирын дагуулууд дээр нэг бус удаа буусан юм. Тэр бүү хэл Тэнгэрийн ванд хүртэл очиж, нарны аймгаар нэвт шувт нисэж, бүрэн гүйцэд судалсан байлаа – энэ бүхнийг нөгөө хучирсан цөмийн хөлгүүдээрээ шүү. Товчхон хэлэхэд “Ибис”-т ноцтой аюул тохиолдохооргүй байв. Ямарваа нэгэн гэнэтийн явдлаас айж эмээх шалтгаан ч байсангүй.
   Ер нь гучин өдрийн нислэг ямар нэгэн адал явдал, ажил түгшүүргүй маш сайн өнгөрсөн болно. Гагцхүү Титан дээр буух үед бяцхан осол гарсан юм. Гэхдээ мэдээлэх самбар "хэвийн" гэж зааж байсан учир хөлгийн ахмад Арне Лагерссон, нисэгч-инженер хоёр антигравын төхөөрөмж гэмтснээс хөлөг онгоц үнэт энергээ аюултай хурдтай алдаж буйг хоёр өдөр өнгөрсний дараа л мэдэв.
   “Бид усны саваа цоорсныг мэдэхгүй аагим халуун цөлд амь шиг үнэтэй усаа араасаа дуслуулан аажуу тайван алхаж яваа жинчин шиг л байна” гэж Лагерссоныг хэлэхэд хэн ч юу ч хариулсангүй. Хөлөг онгоцны удирдлагын баг цугласан өрөөнд нислэгийн инженер Алексей орж ирэн,
 - Би холбогч кабелиудыг бэхлээд, антигравын төхөөрөмжийг бүхэлд нь шалгалаа гэж тайлагнаад тосонд заваарсан гараа харав. “Үгүй, ийм юм гэж бас байдаг аа! Антиграв алдагдаж байхад бид бүтэн хоёр өдөр тайван гэгчийн ууж идэж, унтаж хэвтэж байсан гэж бодохоор энэ өгөр толгойгоо яалтай ч билээ!”
 - Боль доо гэж хёрдугаар нисэгч-инженер Фултон хэлснээ “Би яаж ийм юм тохиолдов гэдгийг л бодоод байна” гэж санаа алдав.
   Арне Лагерссон нөхдөөсөө холдоод буланд очиж суув. Тэрээр хөдөлгөөнгүй чанх өөдөө ширтэх агаад үе үе хурууныхаа мөчийг дуугаргана. Хажууд нь Фултон ирж сууснаа,
 - Антигравын хувьд энерги алдагдах магадлал ойролцоогоор мянганы нэгтэй тэнцүү гэв. “Хамгаалагч клапан ажиллаагүй болсныг бас бодолцох хэрэгтэй. Тэр бүү хэл, осолын клапан хүртэл ажиллаагүй. Энэ бүхэн хэтэрсэн хэрэг биш үү?”
   Хариу болгож Лагерссон зөвхөн мөрөө л хавчив.
 - Би ерөөс ойлгохгүй байна гээд Фултон үргэлжлүүлэв: “Мянгыг саяар үржүүлбэл тэрбум болно. Сонсож байна уу, Арне? Магадлал тэрбумын нэгтэй тэнцүү байсан! Ийм юм гэж бас байх аа!”
 - Чиний тооцоо буруу байна – Лагерссон дурамжхан хариулав – Газардалт асуудалтай байсан учраас олон клапан ажиллагаагүй болсон. Үүнд гайхах юм юу байна? Тохиолдох л зүйл шүү дээ. Харин одоо бид тун таруухан байдалд байна. Ингэхэд антигравын самбар ямар үзүүлэлт дээр байна?
 - Таагүй. Одоогоор байх ёстой хэмжээнээс 650 кило дутуу байна. Гэхдээ хүмүүс болон багаж хэрэгсэл ойролцоогоор 1600 кило гэж үзвэл тооцож ядах юмгүй. Хөлөг дээр 950 кило илүү ачаа байна. 
   Лагерссон өвдтөл уруулаа хазаад арга тасарсан янзтай толгой сэгсрэв.
 - Бидний хэрэг ч тун тааруу байна даа, Фултон.
 - Хэлээд юү гэхэв. Үүнээс дор гэж байх уу? – Фултон нэг харцаар бүгдийг баримжаалах гэсэн мэт эргэн тойрноо харснаа “Энэ илүү 950 килогоор ангижрана гэдэг амаргүй дээ” гээд дахин санаа алдав.
   Ахмад Лагерссон бүх офицеруудыг дуудахад тусгай урилга хүлээлгүйгээр Алексей, Ирина хоёр мөн Паульсен эмч нар ч тэдэн дээр очиж цуглав.
 - Болсон явдлыг нууцлахыг та бүхнээс хүсье гэж Лагэрссон хэлээд “Хүмүүсийн санааг цагаас эрт зовоогоод яах вэ” гэж давхар анхааруулав.
   Лагэрссон хөлөг онгоцны удирдлагын тавцан дээр гараад тэндээс өрөө рүүгээ аажим алхав. Тэрээр ядарсандаа одоохон муужирч унах нь уу гэмээр болсныгоо мэдэрч өөрийн эрхгүй "Хөгширч байна даа” гэж бодов. “Удахггүй дөч хүрнэ. Их нас. Их нас шүү, ийм ажилд”.
   Лагерссон тамхиа асаангаа хөлгийн дугариг цонхоор гадагш харав. Эндээс Титан тэр чигтээ мөсөн бүрхүүлээр хучигдсан амьгүй тал мэт харагдана. Хөх мөсөн заагаас нарийхан улаан зураасаар ксемедрин ууршин гарч гаригийн давхрага дагуу үелзэн урсана. Лагэрссон нэг бус удаа Титан дээр ирж байв. Хамгийн анх 2031 онд газрын зураг авах гэж ирсэн бөгөөд яг арван жилийн дараа хоёр дахь удаагаа ээлжит зураг авахаар ирсэн юм. Энэ удаад харин гурав дахиа бөгөөд эцсийн удаагаа ирсэн биш байгаа гэж айж байлаа.
   Хөлөг онгоцноос гурван зуун метрийн зайтай мөсөн толгойн цаанаас сансрын нисэгчид гарч ирж харагдав. Тэд мөрөн дээрээ олон цаг цуцтал ажилласны эцэст цуглуулсан ксемедринтэй сав тавиад сансрын нисэгчдийн том цагаан өмсгөлдээ түүртсэн аятай ар араасаа удаан алхана. Лагэрссон багийнхаа залуучуудыг алхаагаар нь таниж байв. Хөлөг дээр хэдэн “шинэков” байсан учир бүгдийг нь биш л дээ. Гэхдээ өмнө нь хамт нисэж байсан хэнийг ч болов тэрээр мянган метрийн цаанаас алхаагаар нь андахгүй танина.
   Лагерсон бүр сульдсан байдалтай хажуулдав.

   900 кило! Энэ 900 килогоос ангижрахаас өөр аргагүй. Гэхдээ Лагэрссон бодлоо төвлөрүүлж чадсангүй. Тэрээр хорвоо ертөнцийн хачин жам ёс, Дэлхий дээр дэгдсэн сонин өвчний тухай бодож байлаа. Бүх Дэлхий урьд өмнө байгаагүй нэг муу бактерээс үүдсэн өвчинд нэрвэгдэхэд анагааж эдгээх ганц аврал дэлхийгээс сая километрийн цаана байна гэж бодохооор “Хачин юм” гэхээс өөр хэлэх үг олдохгүй байв. Гэхдээ хэн мэдэх вэ, энэ бүхэнд өөрийн гэсэн логик, зүй тогтол байгаа ч юм билүү...  
   Ксемедрин! Олон жилийн өмнө Титан дээр анхны газрын зураг авч байхад мэр сэр тааралдах уур хийний улаан нарийхан урсгал хүн төрлөхтөнд аврал авчирна гэж хэн санах вэ? Бас ксемедринийг судалсан Гамбург хотын эмч! Тахлын эсрэг ийлдэс хийхийн тулд төрөл бүрийн бодис, эм, бэлдмэл судалж байгаад өвчний бактерийг зөвхөн ксемедринээр дарж болдгийг тэр санаандгүй олж нээсэн юм. Гэхдээ энэ бүхэн санаандгүй явдал байв уу, аль эсвэл цаана нь хүмүүст үл мэдэгдэх зүй тогтол байсан уу?
   Лагэрссон шар тахал жилийн өмнө, Крузиус, Благович хоёрын төсөл цаасан дээр буулгасан төлөвлөгөө төдий байхад дэгдсэн бол юу болох байсныг төсөөлж үзэхийг оролдов. Жирийн цөмийн энергээр ажилладаг сансрын хөлөг Титан уруу бүтэн жил хүрч очих байсан. Тэр хугацаанд дэлхийн бүх хүн сөнөж дуусах байлаа... “Ибис” хөлөг, шидэт ксемедрин хоёрыг бурхан ивээх болтугай гэж бодсоноо Лагэрссон гунигтайгаар жуумалзав: үүнийг сонссон хэн ч гэлээ түүнийг үр дүн, үр өгөөж чухалчилсан прагматик сэтгэлгээт гэж хэлэх нь мэдээж билээ.
   Тамхи унтрахад Лагэрссон хүнд нойронд автав. Тэрээр хаашаа ч юм, хөвөн хөнгөн үүлээр хуй салхины хурдтай ниснэ. Гэнэт хөл нь төмөр цутгасан мэт хүнд оргиход доош унаж, ёроолгүй ангал түүнийг залгив.
   Лагэрссон холоо сонсогдох хонхон дууны чимээнээр сэрэв. Бугуйн цагныхаа дэлхийн болон “замын” цаг заах хоёр нүүрийг харьцуулж харснаа “Оройн хоол” гэж амандаа бувтнан нүүр гараа угаагаад доош буув.
   Оройн хоолны үеэр бүгд чив чимээгүй сууна. Паульсэн эмчийн санаа зовж буй нь нүүрэн дээр нь илт. Фултон аль болох тайван харагдахыг хичээх агаад Ирина, Алексей хоёр үе үе сонин харц солилцоно. Багийн бусад гишүүд хооллох доод танхимаас хүмүүсийн ярианы чимээ үл ялиг сонсогдоно.
 - Өнөөдөр ксемедрин хэдийг цуглуулав? – Лагэрссон юуны түрүүнд лавлаж асуув.
 - 12 кило гэж Фултон хариулаад “Дахин хоёр удаа гарахад бид хэрэгтэй 60 килогоо цуглуулж дуусна” гэж нэмж хэлэв.
 - Нэг удаагийн гаралтад амжих хэрэгтэй.
 - Яагаад? Тэртээ тэргүй бид хоёр өдрийн наана нисэж чадахгүй шүү дээ.
 - Мэдэж байна – Лагэрссон эгдүүцсэн аястай хэлэв – Хөлгийн жинг бууруулах ажил эхлэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ байх хэрэгтэй байна. Ирина, хаяж болох бүх юмны жагсаалт гаргаарай. Алексей, чи онцын ач холбогдолгүй ч хэрэг болж магад юмны жагсаалтыг бэлэн болго. Эмч ээ, танаас би Дэлхий хүртэл нисэхэд хэрэгтэй хоол хүнс, хүчилтөрөгчийн хамгийн наад захын хэмжээг тооцолж гаргахыг хүсье... Бид хоолоо сойж, хоёр уушгаа чангалах болох нь дээ.
   Ахмад босож, үүд рүү явснаа,
 - Бас нэг юм мартаж гэж Фултонд хэлэв: “Маргааш ксемедрин цуглуулж дууссаныхаа дараа бүх гишүүдийн бууг хурааж аваарай”.

 - Түрийвч чинь хаана байна?
 - Энэ байна – Жон өмднийхээ арын халааснаас түрийвчээ гаргаж өгөснөө – Ахмад аа, энд зөвхөн эхнэрийн минь зураг л байна, 100 грамм ч хүрэхгүй гэж сөөнгөдүү хоолойгоор гуйв.
 - Дугаа тат! – Лагэрссон зандраад “Бүгдийгээ гарга, цагаа ч бас” гэж шаардав. Жон бүх эд хогшлоо нэг дор гаргаж бөөгнүүлээд уруу царайлан байрандаа очив. Ширээн дээр үзэг бал, энгэрийн сүлбээр зүү, тэмдэглэлийн дэвтэр, өнгөт харандаа зэрэг хуучин эд хогшлын худалдаачин баясмаар олон юм овоорлоо.
 - Дараагийнх.
Ширээ рүү 40 эргэм насны сэгсийсэн улаан шар үстэй шинэков дөхөж ирээд,
 - Клифт Ивэнс, ахмад аа гэж тайлагнав.
 - Халаасаа суйлаарай, Клифт.
 - Бүгдийгээ гаргасаан, ахмад аа – Клифт өмднийхөө халаасаа суйлж үзүүлэв.
 - Сайна байна.
   Клифт цааш явах гэтэл Лагэрсэн түүнийг буцааж дуудав:
 - Бөгжөө ав даа, Клифт.
 - Ахмад аа, би авахыг оролдсон, ер болдоггүй.
 - Тэгвэл саван түрхэж байгаад ав. Тэгээд ч авагдахгүй бол хуруунаасаа сална гэж мэдээрэй.
  Хөлгийн онгоны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдлагын танхимд цугласан байв. Бүгд цонх өөд харан зогсоно. Лагэрссон нэг нэггүй шалгаж дуусаад “Наад бүхнээ бушуухан гаргаж хая” гэж тушаахад дөрвөн нисэгч хураасан эд юмстай маажинтай даавууг (*2) тал талаас нь өргөн гарав. Таван минут түгшүүрт гэмээр аниргүй нам гүмд өнгөрөв. Мэдээлэх самбарын гэрэл ногоон, улаан бас дахиад ногооноор анивчихад бүгд дээш харлаа.
 - Мэдээлэх самбарын үзүүлэлт ямар байна?
 - Ахмад аа, 205 кило илүү байна.
   Арнэ Лагэрссон аргаа барсан байдалтай нүүрээ арчив. Ширээ сандал, гал тогооны хэрэгсэл, хамгаалагч бүс зэрэг тохь тухтай орчин бүрдүүлэх эд юмс, зайлшгүй хэрэгтэй бус бүх юмыг гаргаж хаясан байлаа. Өөр хаямаар юм үлдсэн гэж үү?
 - Фултон! Ослын хэдэн өмсгөл үлдэв?
 - Тав ахмад аа.
 - Гурвыг нь хая. Паульсэн эмч ээ, нааш ирээрэй. Хоолны хэмжээний тухай ярих хэрэг байна.
  Ахмад, эмч хоёрыг гарч явахад санаа зовж бодол болсон бусад гишүүд тал тал тийш тарцгаав. Зарим нь толгойгоо барин нүдээ анин газар сууна. Бусад нь тохиолдож болох эмгэнэлт явдлын тухай бодохгүйг хичээн тоглоом наргиа хийхийг оролдоно.
   Хүдэр том биетэй, ерэн кило жинтэй Боб Аржитайг хэдэн нөхөд нь тойрон зогсоно.
 - Ингэхэд хүндийн хүч гэж ер юу юм бэ? – гэнэн хүүхэд гэмгүй юм шалгаах дуугаар Боб асуув.
 - Илжиг минь, чамд нэг сайн гэгчийн тайлбарлаад өгье – хажууд нь зогсч байсан найз Жо нь даруй ханцуйгаа шамлав. “Чи гэртээ, байрныха 41 давхарт сууж байна гээд бод доо. Би чамайг заамдаж аваад цонхоор гаргаад гэнэт тавибал юу болох вэ? За яав, юу болж магадыг ойлгов уу?”
 - Жо минь дээ, эндүүрээд байна. Юу ч болохгүй. Чамд эсэргүүцэл үзүүлэх үүднээс Боб унахгүй албаар агаарт тогтоно гэж мэд – үүнийг сонсоод зарим нь инээж, зарим нь мангар наргианаас залхлаа гэсэн байдалтай холдов.
 - За инээх ч яах вэ. Би энэ бүхнийг үнэхээр ойлгохгүй байна. Та нарын бүхнийг мэдэгч царайлах ч тэрүүхэндээ. Би ч, та нар ч нэг л зүйлийг лавтай мэдэж байна – мэдээлэх самбар 205 кило илүү ачаа зааж байна. Үгүй тэгээд чөтгөр аваг гэж, нэг муу 205 килогоос болж Титан дээр байгаад байх хэрэг үү?
 - Үнэхээр хөмөрсөн тогоо мэт хоосон толгойт илжиг юм даа – Жо дуу алдан хэлэв – За яахав, чамд л гэж нүдэнд чинь харагдтал тайлбарлаж өгье. Чамд хоёр тавагтай жинлүүр байна гэж төсөөл дөө. Нэг тавган дээр нь чи сууж байна, нөөгөө тавган дээр нь 90 кило чулуу байна. Чиний жин ч гэсэн 90 кило гэвэл жинлүүр яах вэ?
 - Өөр олигтойхон жишээ олдоогүй юу?! – Боб хоёр чих минь юу дуулчих нь энэ вэ гэсэн байдалтай уулга алдав – Мэдээж жинлүүр тэнцвэрээ хадгална.
 - Яг зөв. Харин чи халааснаасаа үзгээ гаргаж хаявал чулуутай таваг доошилж, чиний таваг жаахан дээшилнэ. Одоо ойлгов уу?
 - Мангар! – Боб бүр ундуйцсан аястай дуугарав. “Жинлүүр яаж ажилладгийг би өлгийнд хэвтэж байхаасаа л мэднэ”.
 - Гэхдээ антиграв ч мөн тийм л зарчмаар ажиллана шүү дээ. Ямар ч ялгаа байхгүй гээд Жо хэлэх үгээ гүйцээж амжаагүй байханд хэн нэгэн:
 - Чимээгүй, Фултон ирж байна гэв.
Фултон бөөндөө зогсож буй нисэгчид дээр очоод найрсгаар:
 - За хүүхдүүд ээ, бүгдээрээ илүү бүх хувцсаа хаях хэрэгтэй гэв.
Үүнийг сонсонгуут Боб Аржитай баахан хөхөрч инээснээ,
 - Зүйтэй хө, ахмад биднийг чармай нүцгэн Дэлхий дээр буулгахаар шийдэж гэлээ.
 - Боб, чи марзганахаа боль. Харин та нар зүгээр зогсолгүй гутал цамцаа хурдан тайлцгаа.
 - Энэ тушаалыг бүгд биелүүлэх үү? – Боб гэмгүй дуугаар асуухад Фултон хариуд нь толгой дохив.
 - Өө гоё, гоё – Боб хөөрсөн байдалтай хоёр гараа илбэв – Сүйт бүсгүй нь нааш ганц хоёр бууж ирэхэд Алексей Платов инженер дургүйцэхгүй биз дээ?
 - Тэнэг амьтан! – бусад нисэгчид хөхрөлдөхөд Фултон бүр уурласан дуутай хэлэв.
 - Би зүгээр л... тоглосон юм, хүмүүсийн сэтгэлийг жаахан засах гэж – Бобыг ийнхүү гэмшингүй дуугаар хэлэхэд Фултон мэгдсэн янзтай Бобыг харснаа мөөрөн дээр нь зөөлхөн алгадаад үүд рүү алхав.

   /төгсгөл дараагийн бичлэгт/

----------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 оросоор "генератор антигравитационного поля", англиар "anti gravitational field generator".
*2 маажинтай даавуу: англиар "tarpaulin", оросоор "брезент".