2009/12/11

41 чулуу...

Хүүгийнхээ хүрээд ирэхийг хоног тоолон хүлээж суусан өвөө маань нэгэн өдөр 41 чулуу сайн татдаг найзындаа очиж ирэх өдрийг нь асууж гэнэ. Найз нь 41 чулуу татсан даруйдаа уулга алдан год үсэрч "бушуул, түргэл, харьж цайгаа чана" гээд бөөн сандрал болсон гэдэг. Яг тэр үед аав гэрийн гадаа бууж байсан гэх. Ер нь 41 чулуу татах, дал шатаахыг хамгийн ортой мэрэг гэлцэх. Ингээд, хоёр нүдээрээ үзээгүй тул “болсон явдал” гэж арай бүлтэрч боломгүй, домог гэхэд дэндүү саяхан, дайны дараахан болсон гэх нэгэн яриаг сонирхуулъя:

Хэдэн сайн эр азрага адуу хулгайлж Алтайн уулсыг давуулан хөөж гэнэ. Мэдээжийн хэрэг араас нь дутуугүй сайн эрс алдсан адуугаа буцаахаар мордсон гэнэ. Үйл явдал монголын баруун хязгаар, сүрлэг сайхан Алтайн уулсад өрнөх тул аль аль тал 41 чулуу татдаг хүн дагуулж явсан гэнэ.

Морьдынхоо хойноос давхисан хүмүүсийн мэргэч замдаа бууж 41 чулуу татаад "За бид ч гүйцэхээсээ өнгөрсөн байна. Жин үдийн нар зулай төөнөж байна, энд хэсэг зуур амраад харья. Буухдаа харин бүгдээрээ эмээлээ буруу харуулж тохоорой" гэхэд бүгд үг дуугуй мориноосоо бууж хэлсэн ёсоор гүйцэтгэсэн гэнэ. Жаал амарсаны дараа мэргэч дахиж 41 чулуу татсанаа "Бушуулаарай, эмээлээ зөв тохоод хамаг хурдаараа давхицгаа, одоо бид яг дээрээс нь бууна" гэхэд үнэхээр амарч байсан хулгайч нарын яг дээрээс нь буусан гэдэг.

Учрыг тайлбал, зугтааж явсан хулгайч нарын мэргэч 41 чулуу татаад "Нэхэл дагуул тун ойрхон ирсэн байж, гэхдээ азын тэнгэр биднийг ивээж амжихгүй нь гээд тэд буцчихлаа" гэсэн байж. Тийнхүү хулгайч нар Алтай давахаасаа наана жаахан амрах санаатай гал түлж цай чанаж байгаад баригдсан гэдэг.

Зарим үед эрийн сайн, хүлгийн хурд биш 41 чулуу татах хүний ухаан заль бүгдийг шийдэнэ гэж. Далийхад өнөө үед гар утас, мес мэйлээр хэн хэзээ ирэхийг хэн нэгнээс асуултгүй мэдчихдэг нь та бидний аз ч юм шиг, хааяа гэхдээ үгүй ч юм шиг...

4 comments:

Attila said...

manai aav bas ih chuluu tatna aa. zugeer hobby maygaar geh yum uu daa. ih saihan bichleg bolj ee ho.

Suren said...

Bayarlalaa Attila :)
aav, ah nariin chuluu tatahiig harj suuh bas goyo shuu

Light said...

chuluu tatahaar amrah shig boldog.oyun uhaan chuluun dotor orod uur ch yu ch bodohgui.

avraga mogoi said...

hehe bi chuluu tataj uzeeguiee tehdee zooson mungu shidne shuu...shidseer bgaad suld uu too yu gedgiig ni haj chaddag boltson, daraa chamd gaihuulnaaa