2009/11/06

Зурагт, дүү, дайн, NHK

2008/12/09

Монголд япон хэл сурч байхдаа зурагтны удирдлагын төлөө дайн дажин гээчийг гөө мөн уйгагүй явуулдаг байж. Байлдааны халуунд нөгөө дордын дорд үзэж долоон үгээр муу хэлж долоовор хуруугаа гозойлгон байж шүүмжилдэг ану, хятад нараас дутахааргүй муухай арга хэрэглэнэ. Ялалт байгуулсан үедээ NHK чөлөөтэй үзэх эрх эдлэх бөгөөд чадаж буй юманд арга үгүй гэсэн байртай дэвэн дэлхийг эзэлсэн мэт бардам ихэмсэг загнана. Ялагдсан үедээ үгүй шүү хө, эцсээ хүртэл үзнэ гээд гэрийн ажил хийх амлалт, чихэр печени мэтийн хээл хахууль, яагаад би үзэж болдоггүй юм гэсэн “япон хэл сурч буй хүний эрхийн ” тухай гал дөл болсон илтгэл, хамгийн сүүлдээ удирдлага нуух зэрэг арга заль, айлгалт сүрдүүлгийг эрээ цээргүй хослон хэрэглэнэ. Нэг муу нэвтрүүлэг зурагт үзэхийн төлөө хөөрхий муу дүүгээ хичнээн ч удаа нус нулимсын заагт хүргэсэн юм бол бүү мэд.

Одоо тэгсэн японд нэг хэсэг сурчихсан, нэг хэсэг ажиллачихсан... тэр үеийн тэр их сурах тэмүүлэл, дайн дажин хийх хүч энерги хаашаа замхран одсоныг бүү мэд. Одоо гэрт тоомоос том bilingual зурагт байх ч түгээр зөвхөн NHK л гарна. Фүжи, Ниттэрэ болон бусад бүх суваг “ноу шүү” дээ гээд элэг доог хийж буй мэт эрэлзэж жирэлзэхээс өөр юмгүй. NHK, BS болж байхад бусад сувал яагаад болохгүй байна... сэжигтэй санагдаж байрны жижүүрээс асуухад зүв зүгээр байна хуучин антенаа л солих хэрэгтэй гэсэн. Тэрийг нь авахын тулд гэрээс гарч дэлгүүр яваад, түрийвч гарган худалдаж аваад, богоонд сууж гэртээ ирээд, гэрэл асааж өөрөөндөө ороод, уут савнаас урж гаргаад хуучин антенаа сугалж хаяад... зэрэгн антэн солихтой холбоотой хамаг ажиллагааг бодохоор бүр залхуу хүрэм. Тиймээс эрэлзэж жирэлзэх нь дээвэр дээр сүрэг олон муур амьдардагийнх, shooganai ... гэж бодохоор шийдсэн хэхэ

Тэгээд ч зурагт үзэх онцын сонирхол оюутан ахуй үеийнхээс хамаагүй буурсан болохоор надад NHK-ийн нэг суваг, BS-ийн хоёрхон суваг гардаг одоогийн байдал илүүднэ гэхээс дутахгүй. Ажлын газрын хүүхнүүдийн geinojin news, сүүлийн үеийн драма, хэн хэнтэй суусан, хэн хэнээс салсан мэтийн ярианд оролцох боломжгүй нь хэрэггүй юмаар тархиа дарамтлахгүй, бас дэлдэн хоёр чих минь амраад сайхан.

Гагцхүү хааяа хааяа, зөвхөн NHK үзэх боломжтой өнөөгийн байдлаа бодохоор “хүссэн юм хүзүү орооно” гэдэг үг санаанд орж монголд байгаа муу дүү минь муухай их бодогдоно.

No comments: