2009/05/31

Алушта, Жүр-Жүр хүрхрээ


     

    

Хүмүүсийг даган баясч уулын өндөрт байдаг Жүр-Жүр хүрхрээнд очиж үзэв. Тэнд урсах ус, уул мод ширтэж хэдэн цаг сууснаа мартав. Харин хамт явсан хүмүүс байгалийн сайхнаас гадна бас нэг зорилготой. Аль зочид буудалд байхын л усны хувцсаа ав, тэнд гурван төрлийн ванна байдаг, орох хэрэгтэй гээд л сүр болоод байсан юм. Юун "ванна, баня вэ" гэхээр бид нар ч сайн мэдэхгүй байна, лав биенд сайн гэсэн, хүнээс асууж байгаад орно гэлцээд. Учир начрыг сайн ойлгоогүй ч юу ч гэсэн усны хувцсаа аваад уул өөд аялалд гарав.
 
Автобусаар уулын ёроолд очоод алхаж гарлаа. Ойн дундуур мацаад л байлаа. Уулын хоёр, гурван хүрхрээ бүхий хурдан урсгалт голыг нааш цааш хэд хэд гатлан байж зорьсон газраа хүрэв. Хүмүүсийн яриад байсан ванна гэдэг нь уулын өндөрт, тэр голын нэлээд дээхэн хэсэгт байдаг гурван том "хонхор" болж таарав. Өндөр том биетэй оросууд ороход толгой нь цухуйхтaй үгүйтэй, нэлээд гүнзгий. Хорондоо 20, 30 метрийн зайтай байрлах гурван ванны эхнийх нь “цэвэршүүлэх ванна”, дараагийнх нь "эрүүл мэндийн ванна", хамгийн сүүлийнх нь "гоо сайхны ванна". Нэг ёсны бие сэтгэлээ цэвэршүүлээд, эрүүл мэндээ сэргээгээд, гоо сайхнаа бадраагаад, эрүүл саруул үзэсгэлэн төгөлдөр хүмүүн болно гэсэн дом юмуу даа. Яг нөгөө орос ардын Бөгтрөгтэй морьхон үлгэрт гардаг шиг.

Урсгал гол, уулын усны дээжээр халуунд халсан толгойгоо норгоод, рашаан болог гээд балгаад үзсэн чинь пээээээ хамаг шүд янгинаад часхийм хүйтэн. Ийм усанд орно гэдэг ёстой мань мэтийн хэмжээнээс хэтэрсэн хэрэг. Тэгээд ч энэ усанд орох ёсыг хэн, хэзээ эхлүүлсэнийг ямар мэдэх биш. Явуулын баахан хүмүүс ингэж хамаа намаагүй ороход ойн савдаг, уулын эзэн, за бас нутгийн хүмүүс дуртай ч юмуу үгүй юмуу... гэх мэт бодол толгойд орсноор дэмий баахан хүмүүс харж суув. Оросууд харин халуун цустай улсууд хашгиралдаад л ороод байсан. Олуулаа хүрч ирээд орилолдон орж гараад дараагийн ванаа уруу яарна. Тэднийг харж суухдаа гялс орчихдог ч юмуу... гэсэн бодол төрсөн ч усны хувцсаныхаа хэргийг гаргаж зүрхлээгүй.

Доош бууж Жүр-Жүр хүрхрээний дэргэд усны чимээ чагнаж тэнгэрийн үүлс, модны орой ширтэж баахан суув. Тэгэж байгаад буцах унаанаасаа хоцрох шахаад тэрүүхэндээ хөөрхөн сандрав.

2 comments:

Bumbuulei said...

Орохгүй яасан юм...?
Би л лав орох л байсан байх. хэхэ

Сүрэн said...

hehe hani tatah huntei bsan bol..