2009/05/31

Аялал ба хүмүүс

Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж,  "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч гаргаж өгдөгөөрөө сайхан. Шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учирч танилдцуулдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэх явдал олонтаа. Энэ удаагийн аялалаар ч гэсэн олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:
  1. Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөртөл намайг монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход оросыг төлөөлж оролцсон гэх. "Хүүгийн төрсөн өдөр үзэсгэлэнгийн үеэр болж монгол найз нөхөд нь тун сайхан тэмдэглэж өгсэн гэсэн, ер нь хүүд маань монгол их таалагдсан, ирэх зун хүүгээ дагаад монгол явах санаатай шүү. Хүү мань монгол жанжин малгай бэлэглэснээс малгай цуглуулдаг болсон, одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулгын эхний малгай бол монгол жанжин малгай, ирэх зун хүүгаа дагаад явна даа..." гээд бөөн хөөр болгон ярьж өгөв.
  2. Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш маань Ангарск хотын жуулчны компанид ажилладаг хүүхэн байж таарав. Сүүлийн үед “армаанчик”-ийн эрэлд монгол руу аялах хүн олширсон тул дөрвөн сард монголд ирж УБ-ын гайгүй гэх бүх зочид буудлыг судалж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрээ сонирхуулж үзүүлэв.
  3. Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн хүүхэн нэг өдөр хүрч ирээд “Сайн байна уу?” гэж монголоор мэндлэхэд нь гайхсан гэж жигтэйхэн. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл хүүхэн маань хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, ногоо жимсний төрөл бага байсан явдал, бусдаараа бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөөд.
  4. Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч Монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхсан гээч...
  5. Москвагийн зочид буудал хэдий “гурван одтой” гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уухын тулд буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл нь эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч гэсэн хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
Би ер нь хаа ч явсан монголд дуртай, монгод элэгтэй хүмүүстэй нэлээд таардаг. Австралид ч таарч байсан, англи малайзид ч таарч байсан. Ноднин москва яавахдаа ч монгол руу аялна гэсэн хүмүүстэй таарсан. Гэхдээ энэ удаа тийм хүмүүсийн тоо арай "хэрээс хэтэрсэн" байв. Тэгээд бодлоо л доо... өдий болтол учирч таарсан хүмүүсийн дунд монголд дурамжхан хүн ер байгаагүй. Бүгд л монголд хайртай дуртай элэгтэй гэх хүмүүс байсан. Бас нэлээд нь монголд очсон эсвэл очих юмсан гэсэн хүмүүс байсан. Тэгэхээр би ер нь монголд элэгтэй хүмүүсийг татдаг байж магад  (хэхэ өөрийгөө хааяа ч гэсэн магтаж байя л даа)

Бас нэг бодол гэвэл энэ удаа хоёрхон долоо хоногийн дотор орос улсын үй олон хүний дундаас монголыг зүгээр нэг мэдэж сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарна гэдэг... Тэнгэр бурхан намайг харагаа нутгийн зүг өөд чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй ингэж ч хүртэл бодож үзэв. Харин эгч маань "монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэдэг шдээ, тиймээс монголыг мэддэг хүмүүстэй уулзсанд ангайж гайхах явдалгүй" гэв. Нээрээ тийм ч юмуу...

4 comments:

Anonymous said...

hehe, huurhun shde. Chamd "durlaj" ehelj bn shu :)

Suren said...

hehe ehleed zogsohgui urnuuleerei :D

Bumbuulei said...

Хэхэ, нээрээ сонин юмаа...
Дандаа Монголд элэгтэй хүмүүстэй таарч байсан бн ш дээ.

Горькийгийн хэлсэн билүү дээ нэг үг байдаг ш дээ. Эргэн тойрныхон чинь бүгд чамайг муулж байхад хааяа ч гэсэн өөрийгөө магт ч билүү нэг тиймэрхүү...

Suren said...

kk Gorikii yostoi unen ug heljee, heregjuuleed baidag hereg :)