2009/05/31

Хар далай, төгсгөл

  

  

  

Хоёр дахь зургийн гурван хүүхэн үнэн көөөөлкөн. Би тэдэнд "три красавицы" гэдэг нэр өгчихсөн. Тун хөгжилтэй хүүхнүүүд. Бие биенээ бүдүүнээр нь дуудаад л, диет хийх тухай маргаад л... Намайг хаа хлоос харангуутаа л гар даллан "айда, айда в воду" гэж дуудна, миний нэг өдөрт борлосоныг өөрсдийнхөө долоо хоногт дөнгөж улаасныг гайхна, инээдтэй инээдтэй юм ярьж их хөхрөлдөнө. Красавицы & хохотушки гэж энэ гурвыг л хэлнэ.

Хоёр долоо хоног Москва, Украин, Симферополь, Хар далай, Канака гэх газруудаар явахдаа нарны сайханд бов бор боллоо, украин нутгийн жигнэмэг, печени, бялууны сайханд хөөрхөн жин нэмлээ. Энэ удаагийн дурсамжаа есөн тэмдэглэлд багтааж, хар далайн нартай, наргүй янз бүрийн зургаар аяныхаа тэмдэглэлийг өндөрлье. 

Аялал ба хүмүүс

Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж,  "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч гаргаж өгдөгөөрөө сайхан. Шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учирч танилдцуулдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэх явдал олонтаа. Энэ удаагийн аялалаар ч гэсэн олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:
  1. Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөртөл намайг монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход оросыг төлөөлж оролцсон гэх. "Хүүгийн төрсөн өдөр үзэсгэлэнгийн үеэр болж монгол найз нөхөд нь тун сайхан тэмдэглэж өгсэн гэсэн, ер нь хүүд маань монгол их таалагдсан, ирэх зун хүүгээ дагаад монгол явах санаатай шүү. Хүү мань монгол жанжин малгай бэлэглэснээс малгай цуглуулдаг болсон, одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулгын эхний малгай бол монгол жанжин малгай, ирэх зун хүүгаа дагаад явна даа..." гээд бөөн хөөр болгон ярьж өгөв.
  2. Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш маань Ангарск хотын жуулчны компанид ажилладаг хүүхэн байж таарав. Сүүлийн үед “армаанчик”-ийн эрэлд монгол руу аялах хүн олширсон тул дөрвөн сард монголд ирж УБ-ын гайгүй гэх бүх зочид буудлыг судалж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрээ сонирхуулж үзүүлэв.
  3. Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн хүүхэн нэг өдөр хүрч ирээд “Сайн байна уу?” гэж монголоор мэндлэхэд нь гайхсан гэж жигтэйхэн. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл хүүхэн маань хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, ногоо жимсний төрөл бага байсан явдал, бусдаараа бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөөд.
  4. Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч Монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхсан гээч...
  5. Москвагийн зочид буудал хэдий “гурван одтой” гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уухын тулд буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл нь эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч гэсэн хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
Би ер нь хаа ч явсан монголд дуртай, монгод элэгтэй хүмүүстэй нэлээд таардаг. Австралид ч таарч байсан, англи малайзид ч таарч байсан. Ноднин москва яавахдаа ч монгол руу аялна гэсэн хүмүүстэй таарсан. Гэхдээ энэ удаа тийм хүмүүсийн тоо арай "хэрээс хэтэрсэн" байв. Тэгээд бодлоо л доо... өдий болтол учирч таарсан хүмүүсийн дунд монголд дурамжхан хүн ер байгаагүй. Бүгд л монголд хайртай дуртай элэгтэй гэх хүмүүс байсан. Бас нэлээд нь монголд очсон эсвэл очих юмсан гэсэн хүмүүс байсан. Тэгэхээр би ер нь монголд элэгтэй хүмүүсийг татдаг байж магад  (хэхэ өөрийгөө хааяа ч гэсэн магтаж байя л даа)

Бас нэг бодол гэвэл энэ удаа хоёрхон долоо хоногийн дотор орос улсын үй олон хүний дундаас монголыг зүгээр нэг мэдэж сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарна гэдэг... Тэнгэр бурхан намайг харагаа нутгийн зүг өөд чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй ингэж ч хүртэл бодож үзэв. Харин эгч маань "монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэдэг шдээ, тиймээс монголыг мэддэг хүмүүстэй уулзсанд ангайж гайхах явдалгүй" гэв. Нээрээ тийм ч юмуу...

Симферополь & Москва

Хэрэг зориг Хар далай тул Симферополь хотод зорчин өнгөрөх төдий л болов. Орос руу буцаж орох виза хөөцөлдөхийн тулд хоёр хоноод л цааш явсан учир крымийн үүд хаалга гэлтэй энэхүү хоттой орос консулын эргэн тойрноор холхиж явахдаа л жаахан танилцах аядав. Тиймээс онцын бичээд байх зүйлгүй ч ганц хоёр сэтгэгдлээсээ хуваалцъя:

Симферополийн хүмүүс эелдэг найрсаг. Ялангуяа Москвагийхантай харьцуулахад. Ноднин ч, энэ жил ч Москвад буусан эхний өдөр бөөн “culture shock”. Онгоцны буудлын гаалийн хүүхнээс эхсүүлээд тувт төрөл бүрийн хүмүүст загнуулаад байгаа мэт санагдана. Гэхдээ угаасаа Москвад элдэв байгууллага, үйлчилгээний газрын хүмүүсийн харьцаа тиймэрүү л дээ. Энгийн иргэд ч ялгаагүй, нэг л яарсан, амьдралд ядарсан мэт харагдана. Зам асуувал бүгд өндөр дуугаар, цөөн үгээр, хурдан түргэн хариулаад цааш хурдална. Метронд хүнээс юм асуувал алхаж буй хурдаа ч  сааруулахгүй байж мэднэ. Тиймээс хариуг нь сонсохын тулд зэрэгцэн шогших хэрэгтэй, эс бөгөөс дугуй зааланд дүнгэнээд ирж буй богооны чимээнд дуу нь замхарч, дахиад хэн нэгнийг барьж авах хэрэг гарна. Ер нь Москва хотын амьдрал нөгөө "Run Lola Run" киног хамгийн их санагдуулна. Тэнд тайван алхалж буй гурван төрлийн л хүмүүс байна: орон нутгаас орж ирээд удаагүй хүмүүс, гадна дотны жуулчин гийчид & дурлалт хосууд.

Харин Симферополийн хүмүүс ямар ч сайхан налгар тайван юм. Юм асуувал “за байз хө, энэ чинь юү билээ...” гэх маягаар хээвнэг гэгчийн хариулна. Хаанаас ирсэн гэх мэт яриа ч өднө. Бас инээмсэглэнэ! Хүмүүс нь элдэв юманд яараагүй, эелдэг бөгөөд инээмсэглэх тул дэлгүүр хоршооны сервис хүртэл Москвагаас хамаагүй илүү. Юм асуухад төвөгшөөхгүй, захиалгаа буцаахад уурлахгүй, удаан шилж сонгосон ч залхсан байдлаар хялаахгүй. Тиймээс амьдралын чанар (quality of life) гэгч үзүүлэлтээр орост Москва хамгийн адагт орох байх.

Гэхдээ л надад Москва сайхан :) Амьдрал буцалж булиглаж дэврээд бөөн кайф. Ялангуяа японтой харьцуулахад хүмүүс ёстой үзэж таарч үсэрч наалдана. Тэмүүлнэ, тэмцэнэ, тэрсэлдэнэ. Олж алдаж, хожиж хонжино. Зүтгэнэ зүлгэнэ, уйлна уурлана, сайндана муудана, ухрана урагшлана, дайрана давшлана... тэгээд гүйгээд байна, гүйгээд байна. Нэг үгээр хэлбэл Москвагийн амьдрал бол бөөн ҮЙЛ ҮГ. Харин Симферополь үйл үг биш тэмдэг нэрээр дүрслэгдэх хот.

Симферополь & Улаанбаатар

  

Симферопольд иймэрхүү намхан хөөрхөн байшин олон.

Нэлээд дээхэн монголын анхны архитекторуудын нэг буурал хөгшингээс Улаанбаатарын бүтээн байгуулалтын тухай ярилцлага авч байсан юм. Хотын төвийн тухай асуухад МУИС, хуучин цирк хавийн байшингууд уул нь арай л ондоо загвартай байсан. Зураг төслөөрөө бол классик стилийн хөөрхөн байшингууд босох ёстой байлаа. Даанч улс маань хөрөнгө мөнгөөр дутмаг, тухайн үеийн барилгачид маань ур чадвараар дутмаг, мөн цаг хугацаа аягүй давчуу байсан тул бодсон санасны хаана нь ч хүрэхгүй байшингууд боссон... сэтгэл их дундуур байсан гэж ярьж байсан.

Архитекторын санаагаар ямар байшин баригдах ёстой байсаныг Симферополь хотоор явж байхдаа жаахан ойлгох шиг, гадарлах шиг болов... Улаанбаатарт маань яг ийм барилга хаана байдаг билээ ? :)

Алушта, Жүр-Жүр хүрхрээ


     

    

Хүмүүсийг  даган баясч уулын өндөрт байдаг Жүр-Жүр хүрхрээнд очиж үзэв. Тэнд урсах ус, уул мод ширтэж хэдэн цаг сууснаа мартав. Харин хамт явсан хүмүүс байгалийн сайхнаас гадна бас нэг зорилготой. Аль зочид буудалд байхын л усны хувцсаа ав, тэнд гурван төрлийн ванна байдаг, орох хэрэгтэй гээд л сүр болоод байсан юм. Юун “ванна баня вэ” гэхээр бид  нар ч сайн мэдэхгүй байна, лав биенд сайн гэсэн, хүнээс асууж байгаад орно гэлцээд. Учир начрыг сайн ойлгоогүй ч юу ч гэсэн усны хувцсаа аваад уул өөд аялалд гарав.
 
Автобусаар уулын ёроолд очоод алхаж гарлаа. Ойн дундуур мацаад л байлаа. Уулын хоёр гурван хүрхрээ бүхий хурдан урсгалт голыг нааш цааш хэд хэд гатлан байж зорьсон газраа хүрэв. Хүмүүсийн яриад байсан ванна гэдэг нь уулын өндөрт, тэр голын нэлээд дээхэн хэсэгт байдаг гурван том "хонхор" болж таарав. Өндөр том биетэй оросууд ороход толгой нь цухуйхтaй үгүйтэй, нэлээд гүнзгий. Хорондоо 20, 30 метрийн зайтай байрлах гурван ванны эхнийх нь “цэвэршүүлэх ванна”, дараагийнх нь “эрүүл мэндийн ванна”, хамгийн сүүлийнх нь “гоо сайхны ванна”. Нэг ёсны бие сэтгэлээ цэвэршүүлээд эрүүл мэндээ сэргээгээд гоо сайхнаа бадраагаад, эрүүл саруул үзэсгэлэн төгөлдөр хүмүүн болно гэсэн дом юмуу даа. Яг нөгөө орос ардын Бөгтрөгтэй морьхон үлгэрт гардаг шиг.

Урсгал гол, уулын усны дээжээс халуунд халсан толгойгоо норгоод рашаан болог гээд балгаад үзсэн чинь пээээээ хамаг шүд янгинаад часхийм хүйтэн. Ийм усанд орно гэдэг ёстой мань мэтийн хэмжээнээс хэтэрсэн хэрэг. Тэгээд ч энэ усанд орох ёсыг хэзээ хэн эхлүүлсэнийг ямар мэдэх биш, явуулын баахан хүмүүс ингэж хамаа намаагүй ороход нутгийн хүмүүс дуртай ч юмуу үгүй юмуу... гэх мэт бодол толгойд орсноор дэмий баахан хүмүүс харж суув. Оросууд харин халуун цустай улсууд хашгиралдаад л ороод байсан. Олуулаа хүрч ирээд орилолдон орж гараад дараагийн ванаа уруу яарна. Тэднийг харж суухдаа гялс орчихдог ч юмуу... гэсэн бодол төрсөн ч усны хувцсаныхаа хэргийг гаргаж зүрхлээгүй.

Доош бууж Жүр-Жүр хүрхрээний дэргэд усны чимээ чагнаж тэнгэрийн үүлс, модны орой ширтэж баахан суув. Тэгэж байгаад буцах унаанаасаа хоцрох шахаад тэрүүхэндээ хөөрхөн сандрав.

Крым, бук мод


   

         

Крымийн өндөр уул модоор сайхан явж зугаалаад. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор “бук” ( латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод нэлээд түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэх мэт. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явах санагдаж... ингэхэд би юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна... хэхэ.

Бук модныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. Крымийн ойд зурган дээрхи шиг хоёр гурван сонин мод харж гайхаад. Хүмүүсээс ямар модыг нь асуухаар ихэнхи нь над шиг явуулын баагийнууд тул мэдээж “мэдкү” гэх. Харин нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд "Хүү минь энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх..." гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов.

Онгоцны буудлууд


  

  

Зураг 1: Москвагийн Шереметьево-1 онгоцны буудал.

СНГ-ийн орнууд уруу эндээс ниснэ. Дээр үеийнх шиг автобусаар онгоцондоо дөхөж очоод өөрсдөө шатаар дээш гарна. Хамгийн сүүлд хэзээ ингэж онгоцонд суусан билээ... гэж бодон шатаар өгсөхөд сайхан сайхан дурсамж санагдаад нэг л гоё болоод явчихсан. Тээр тэнд хэн нэгэн гар даллаад зогсч байсан бол бүр гоё байхгүй юу... кк Нөгөө нэрийг нь мартчихаж, дээр үеийн Бумаа билүү Бурмаа билүү уруул дээрээ мэнгэтэй хүүхэнд дурлаад байдаг киноны төгсгөл шиг :)

Зураг 2, 3, 4 : Симферополийн онгоцны буудал.

Москва намайг явж буйд харамссан бололтой, бороо хураар үдэж гаргасан. Харин Симферополь ирсэнд минь хэмжээлшгүй ихээр баярласан бололтой цэлмэг тэнгэрээр угтаж мишээсэн :)
Анх буугаад жаахан гайхав. Өмнөговь явж байхад л нэг ийм юу ч үгүй цэлгэр талд бууж байсан санагдана. Яагаад ч юм хөөрхөн жижигхэн онгоцны буудалд бууна гэж бодож байсим. Тэгсэн санаснаас хамаагүй том буудал, бараг манай Буянт-Ухаагаас (i know, нэр нь өөрчлөгдөөд удаж байгаа) ч том байж магад. Гэхдээ орос улсын өнцөг булан бүрээс хүмүүс хар далайг зорин ирэх тул эндээс хориод хот уруу шууд нислэгтэй, Москва уруу гэхэд л хоёр цаг тутам нэг онгоц нисч байх жишээтэй. Тэгэхээр том байх нь ч аргагүй байх.

Гэхдээ Шереметьево-1 шиг онгоцны шатаар өөрсдөө бууж суудаг нь гоё, хуучнаараа. Би орчин үеийн ихэнхи онгоцны буудал нэвтрүүлсэн тэр суух хоолой гэгчид үнэн дургүй. Нэг л армаанчикгүй санагдана, тэр хоолой. Хэдэн жилийн дараа онгоцны трап шатаар өгсөж уруудах эрхийг зөвхөн нэг улсаас нөгөө улсад айлчлах ерөнхийлөгчид л эдлэх байх даа (санаа алдав). Ерөнхийлөгч бодгиймуу... гсн.

Москва 2


    
Хотын өнгө үзэмжний тухай түрүүний яриагаа жаахан үргэлжлүүлье.
 
Саяхныг хүртэл Москва хотын төвд европдоо хамгийн томд тооцогдох "Россия" зочид буудал сүндэрлэж байлаа. Та 2007 оноос өмнө Москвад зочилсон бол энэ зочид буудлыг харсан байж таарна. Их хотод ирсэн хүн болгон заавал Улаан талбайд очдог, Улаан талбайгаар зугаалсан л бол Россия-г харсан байдаг. Цонхоор нь Москва гол, Улаан талбай, Кремль, Василий Блаженный сүм гээд хотын төвийн гол дурсгалт газрууд харагдах тул "Россия" мэдээжийн хэрэг үргэлж жуулчид гийчдээр дүүрэн байсан.

Гэвч тун саяхан буюу жилийн өмнө нэгдүгээрт, хотын төв хэсгийн эртний өнгө үзэмжийг алдагдуулж байна, хоёрдугаарт хуучирсан байна гэсэн хоёр шалтгаанаар хотын дарга Лужковын зарлигаар Россия-г буулгаад будаа болгочихож. Улаан талбайд очсон чинь байх ёстой барилга байх ёстой газраа байдаггүй, гайхсан гэж жигтэйхэн.

Ер нь Москва хотынхон аль дээр үеээс тэр зочид буудалд дургүй байсан л даа. Экскурси энэ тэрээр явахад гид болгон "Энэ зочид буудал уул нь гоё л доо, даанч байрлалаа олоогүй. Хуучны байшин барилгын дэргэд ийм модерн загвартай зочид буудал барих хэрэггүй байсан юм, үүнээс болоод Москвагийн төв эртний өнгө үзэмжээ алдчихсан, харин Ленинград бол хуучин хэвээрээ" гэж заавал хэлдэгсэн...

Одоо харин буулгасан зочид буудлын оронд эргэн тойрны сүм хийгээд эртний байшин барилгын сүрийг дарахгүй, даруухан, намхан загвартай зочид буудал барих ажил ид явагдаж байна. Их хотынхоо өнгө  үзэмжийн төлөө архитектурын хувьд мундагт тооцогдох ч байрлалаа олоогүй байшин барилгыг нурааж болно. Харин газрын үнэ хэд талийсан ч хүүхдийн тоглоомны талбайд гар хүрч үл болно. Ямар ч атугай орос орон байшин барилгын хувьд оролдож болох, болохгүй юмны ян тан заагтай нь хүндлүүштэй санагдав.

Москва 1

  
Москва хот жилээс жилд улам сайхан, улам цэвэрхэн болж буй санагдана. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөө дагаад энд тэнд их барилга явагдаж, олон өндөр байшин шинээр сүндэрлэсэн боссон ч их хотын өнгө төрх онцын өөрчлөгдөөгүй харагдана.

Ноднин Москва явахад арваад хоног баяр хөөр манан будан дунд л өнгөрөх шиг болсон. Энэ жил арай л тайван хотоор явж зугаалав. Нэлээд олон зүйл ажигласнаас нэгийг дурдвал :

Москва хотод газар байрны үнэ гэж ёстой талийж өгч. Байр худалдаж авна гэдэг хэдэн сая еврогоор яригдах асуудал. Зүгээр байр хөлслөнө гэхэд л хэдэн мянган евро. Москва байрны үнээр дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг хоёр гурван жил тэргүүлж буйг хэн хүнгүй мэдэх байх. Хотын төв орчмын газрын төлөө ёстой дайн болж байна, юун тэр Ирак, Афганистан. Гэхдээ Москвагаар алхаад үзээрэй. Бүх орон сууцны байшин урдаа томоо гэгчийн хүүхдийн тоглоомын талбайтай. Тэдгээр нь бүгдээрээ бүрэн бүтнээрээ. Хотын төвийн ч бай, төвийн биш ч бай бүх эмнэлгүүд ойд ороод ирэв үү гэмээр мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн хэвээрээ. Далийхад, оросын хотуудад эмнэлэг хаана байгааг мэдэж ядаад байх юмгүй. Бүх эмнэлгүүд модоор хүрээлэгдсэн байдаг. Орос хүний сэтгэлгээнд "эмнэлэг бол модтой байх ёстой" гэсэн нэгэн бичигдээгүй хууль байдаг шиг санагддаг юм, тэр нь ч зөв л дөө, модон дундуур зугаалж явахад өвчин ч гэсэн хурдан эдгэх байх.

Орост газрын үнэ талийж өгсөн ч орос хүний оюу ухаанд хүүхдийн тоглоомын талбай, эмнэглгийн цэцэрлэг дархан цаазтай хэвээрээ. Мөн шинээр байшин барилга барьсан ч шавааруулж шамбааралдуулахгүй, тухайн гудамжны өнгө үзэмжийг бодож барьсан байх жишээтэй. Улаанбаатрын төвд элдэв юм сүндэрлүүлээд, өндөр байшингуудыг “улс орны хөгжлийн нүүр царай” гэж ойлгох баагийнуудад хотын төвд өндөр байшин барих хориотой тэр Парис, европ руу явж үзэдгүймаа гэхэд ядаж энэ хаяанд байгаа Москва ороод үз гэж хэлмээр болов.