2009/04/15

PMO буюу Person of Mongolian Origin

  Глобалчлалын энэ эрин үед төрөл бүрийн шалтгаанаар нутаг усаа орхин урт хийгээд богино хугацаагаар түр эсвэл бүр харьд очиж аж төрөн амьдран суух хүмүүс олон. Сүүлийн үед гадаадад сурахаар/ ажиллахаар/амьдрахаар явах монголчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул үүнтэй холбоотой нэгэн бодлоо хуваалцъя.

   Гэхдээ монголчуудынхаа тухай ярихаас өмнө энэтхэг хүмүүсийн тухай жаал яриа өрнүүлье. Хараад байхнээ, иргэд нь гадаадад их хэмжээгээр цагаачилсан улс орнуудын дунд Энэтхэг тусгай байр эзлэх мэт. Нэгд, нарийн ширийн статистик тоо мэдэхгүй ч мунхаг миний бодлоор "амжилттай" цагаачдын тоогоор энэтхэг хамгийн дээгүүр орно. Хоёрт, харьд очоод зуугаад жил болсон ч эх орон, элгэн садантайгаа холбоо тасардаггүй, бусад цагаач улсуудтай харьцуулахад шашин шүтлэг зан заншлаа харьцангуй хадгалж чаддаг нь энэтхэгүүдийн онцлог болов уу. Ингэхдээ хаа очсон газраа china town үүсгэдэг хятадуудаас ч хүртэл илүү мэт санагдах. Англид төрж өссөн, англий парламентын гишүүн энэтхэг угсааны хүн байлаа ч гэртээ бурхнаа тахиж шүтэх булантай, хинди хэлээ мэддэг, байнга энэтхэг хоол иддэг бөгөөд болливууд кино үзэж байх жишээтэй. Ер нь ямар ч улсад байсан бүрэн гүйцэд уусдагггүй, эх нутагтайгаа ямарваа нэгэн холбоогоо хадгалж үлддэг нь энэтхэгүүдийн нэг чанар болов уу. Яагаад тийм байнаа.... гэсэн яриа өрнүүлбэл түмэн зүйл шүүн ярилцаж болох ч өнөөдрийн тэмдэглэлээ нэг л зүйл дээр төвлөрүүлье.

   Энэтхэг улс хоёр иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй учир эх нутаг энэтхэг рүүгээ визгүй ирж очихыг хүссэн цагаачид энэтхэгийн элчин сайдын яамнаас Person of Indian Origin (Энэтхэг угсааны хүн) буюу PIO card авдаг.

   PIO-д гадаадад амьдарч буй Энэтхэг улсын иргэн биш бүх энэтхэг угсааны хүн орох бөгөөд "энэтхэг угсаа" гэдэг нь дөрвөн үеийг хамруулна. Гадаадад төрсөн, энэтхэгт очиж үзээгүй, эх хэлээ мэдэхгүй ч элэнц хуланц тань энэтхэг хүн байсан бол та энэтхэгийн элчин сайдын яамнаас саадгүй PIO авах бөгөөд энэ нь зүгээр нэг хоосон цаас биш юм(*). PIO-той хүн энэтхэгт бизнес эрхлэхийг хүсвэл гадаад хүнээс бага татвар төлнө, ирж очиход виз хэрэггүй зэрэг төрөл бүрийн хөнгөлөлттэй. Мөн энэтхэг хүнтэй гэр бүл болсон гадаад хүн ч PIO авч болдог.

   PIO хөтөлбөрийн эхний мөрд

   The Government of India understands and respects your need to be close to your place of origin and has accordingly launched the ‘PIO Card’ scheme, aimed at making the journey back to your roots, simpler, easier, flexible and trouble free.  
   (Энэтхэг улсын Засгийн газар таны уугуул нутагтаа ойр байх хүсэл хэрэгцээг ойлгон хүндэтгэж, эх нутаг руугаа буцах аяныг тань амар бөгөөд төвөггүй болгох зорилгоор PIO Card хөтөлбөр хэрэгжүүлж байна)

   гэж хөтөлбөрийн зорилгыг танилцуулснаас харахад PIO гэдэг "хол байсан ч, олон жил өнгөрсөн ч та нар энэтхэг шүү" гэсэн Энэтхэг улсын иргэдээ алдахгүйг чухалчлах бодлогын илрэл болов уу. Мөн энэтхэг хүмүүсийн хасах, таслахаас илүү нэмж нэмэгдүүлэхийг эрхэмд үздэг сэтгэлгээний үр дүн болов уу.

   Монголын хүн ам бага байна, өсгөх хэрэгтэй гээд л энд тэнд яриад байна. Ингэхийн тулд анхнаас нь "алдахгүй байх" бодлого баримтлавал ямар вэ? Гадаад хүнтэй гэр бүл болох монгол залуус жилээс жилд олширч байгаа нь мянга түм шүүмжлээд дийлэхгүй өнөөгийн бодит байдал. Монгол давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учир тэд нар маань эрт орой хэзээ нэгэн цагт иргэншлээ солих, үр хүүхдүүд нь иргэншлээ сонгох асуудалтай тулгарна. Тэгэхдээ ямар шийдвэр гаргах вэ?

   Арваад жил Германд амьдраад өөрийн эрхгүй уйлан уйлан иргэншлээ сольсон найз минь байна. Сольсоныхоо дараа урагшгүй хүмүүст элдэв янзаар хэлүүлээд сэтгэл санаагаар ихэд унаж байсансан. Сэтгэл санаагаар унахын нэг шалтгаан нь монгол паспорт гэдэг дөрвөлжин улаан баримт цагаа тулахад бидэндээ тун нандин эрдэнэ. Хэдий би монгол, хэдэн үг бичсэн цаас миний угсаа гарлыг тодорхойлохгүй гэж толгойдоо бодсон ч нэгэн өдөр энэ гээд үзүүлэх юмгүй болоход ихэд эвгүй, элэг эмтрэм. Өсч торнисон нутагтаа харихын тулд монголын элчин орж виз авах бодит хүндрэлээс гадна сэтгэл санааны хувьд их хэцүү, дарамттай, гэм хийсэн хүн шиг гэлдэрч явах болно. Нэмж хэлэхэд гадаад хүнтэй заяа холбосон хүмүүсийн хүүхдүүд нь ихэнх тохиолдолд монгол иргэншилтэй болдоггүй нь хамгийн харамсалтай.

   Дүгнэж хэлэхэд глобалчлалын өнөө үед гадаад хүнтэй хувь заяагаа холбох, гадаадад ажиллах юмуу цагаачлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс багасахгүй нь тодорхой. Тиймээс Person of Mongolian Origin (PMO) бий болговол ямар вэ? Үүнийг монгол хүнтэй ханилсан гадаад хүнд өгдөггүй юмаа гэхэд ядаж монголчууддаа олгож нутагтаа ирж очихыг нь амар болгож эх оронтой нь үеийн үед холбоотой байлгавал...

  Чингис хааны түүх бол нэгтгэж нэмэгдүүлсэн түүх байсан. Харин түүнээс хойшхи түүхийг хасаж, хагалж, ханзалж, хардаж, хатуурхаж ирсэн түүх гэж болно. Тэглээ гээд өөдөлсөн нь хаана байна? Жаахан ч болов энэтхэгүүдээс сурч алдахгүйг хичээж, арвижуулж нэмэгдүүлэхийг гол чиглэл болговол.

   link: http://www.hcilondon.org/piocard.htm

----------------------------------------------
* Гадаадад амьдрах энэтхэг угсааны хүн болгон PIO үнэмлэх авч болох ч энэтхэгийн үндэсний аюулгүйн бодлого болон гадаад бодлогоос шалтгаалан Хятад, Пакистан, Непал зэрэг орны ирдэгэд олгохгүй.

2 comments:

Bumbuulei said...

Ёстой хэрэгтэй санаа бн ш дээ. Би л лав анх удаа PIO-г сонсож байна.

GaNaaOU said...

Сайхан санаа байна, заавал хэрэгжүүлэх юмсан.