2008/12/18

Өвлийн өвгөн аавд гомдол мэдүүлж байна !

Энэ Өвлийн өвгөн аав, Дед мороз, Santa Claus гэгч өвгөн ер нь их өршөөлгүй хөгшин юмаа. Хүүхэд байхад л эвийлж бөөцийлж бөмбийлөөд чихэр жимс бэлэг өгч баярлуулаад . Харин тодорхой нас өнгөрөнгүүт “зиак, бүсгүй та миний хайртай хүмүүсийн list-ээс хасагдсаан хө” гээд тэнгэрээс газар өөд пид хийтэл өшиглөж унагаах нь тэр.

Өшиглүүлэн пад хийтэл газар унаснаас хойш шинэ жилийн маань хамаг зовлон эхэлсэн. Дурдвал, гэр орон цэвэрлэх (чи хөшиг угаах уу, би шал угаах уу, тоос хэн арчих вэ, тогоо хэн манах вэ), бэлэг сэлт зэхэх (хэнд хэзээ юуууууг ??), хоол унд бэлдэх (бодож бодож бясалгаж бясалгаж өнөөх л нийслэл салат, бууз, торт), гоёлынхоо даашинздаа багтатлаа турах, үсээ янзлах, хумсаа ургуулах ... гэх мэтээр тоолж баршгүй.

Гэхдээ эдгээр нь шинэ жилийн нэг “гайхал” –ын хажууд бол юууууууу ч биш. Ёстой юу ч биш, зүгээр л хүүхдийн тоглоом хүрэн бамбарууш шиг хөөрхөн “асуудлууд”.

Оны эцэс болонгуут л шинэ жилийн тэр гайхал дагуул чинь өвлийн өвгөн аавын дүр эсгэж байгаад “Энэ жил юу хийж юу бүтээв, юу амжуулж гийгүүлэв? Алив хөө, хэлээд аль, тоочих юм байна уу? Тоочдоггүймаа гэхэд нэрлээд аль! Нэрлэж хэлэх юм байна уу? Ааааааан, юу гэнээээээ? Ердөө л иймхэн юмуу?! Бүхэл бүтэн жил өнгөрч байхад уу... Юу бодож яаж амьдрахаараа хүн ийм байдаг байнаа...!” гээд л хөөрхий намайг асууж шалгааж лавлаж тавлаж тамлаж эхэлнэ дээ.

Энэ айхтар гайхлаас намайг чөлөөлж өгвөл мянган айлын орон гэрийг дуртайяааа бөгөөд Үнсгэлжингээс ч дутахааргүй цэвэрлэж өгье! Хоол ундыг нь хийж, гоёл моёлыг нь оёж өгье!

Бодоод байхнээ энэ өвлийн өвгөн аав хүүхэд байхын л онцгүй зантай баагий байж... Чихэр печени алим жимс гээд хамгийн гоё бэлгийг онц сайн сурсан үймүүлж дүрсгүйтээгүй хүүхдэд л өгнө гэж зарлаад л... нэг үгээр хэлбэл сурлага болон сахилга батаар ялгаварлан гадуурхагч байж дээ. Байж дээ ч гэж дээ, одоо ч гэсэн байсаар байгаа байх.

Хүүхэд ч бай, хүүхэн ч бай хүнээс заавал юм шаардаад байдаг, гавьяа бүтээл нэхээд байдаг... өвлийн өвгөн аав та хэцүүхэн хөгшин юмаа.

No comments: