2008/12/06

25. Австрали, аяга угаах саван


Австрали хүмүүс шингэн савангаар аяга тавгаа угаах боловч ерөөс зайлдаггүй. Хөөстэй чигээр нь шууд хатаана. Анх хараад нүд орой дээр гартал гайхаад. Сайхан хөөсрүүлж угааж байгаад бөөн бөөн бөөрөнхий хөөстэй чигээр нь шууд арчина эсвэл хатаагчинд хийнэ. Австрали дахь анхны culture shock гэгч энэ байлаа. Австралийн ихэнхи айл (лав миний очсон бүх айл) аяга тавгаа ингэж угаах бөгөөд хоолны гуанз, ресторан, бар ч ялгаагүй тэгж л угаана (дуулахнээ англи бас тийм гэсэн, гэхдээ өөрийн нүдээр үзээгүй тул баттай хэлж мэдэхгүй).

Хамт японд сурч байсан австрали найзаасаа асуухад нэгд, япон хүмүүс аяга тавгаа угаахдаа дэндүү их ус зарцуулдаг (санал нэг байна), хоёрт австрали хүмүүс аяга угаах шингэн хүний биед хоргүй гэж боддог (санал огтхон ч нийлэхгүй байна) гэж хариулж байсан.

Химийн бодис хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэр хортойг эдүгээ мэдэхгүй хүн байхгүй болов уу. Сонин сэтгүүл зурагтаар ч жилээс жилд түгшүүр зарлаж нь ихэсч буй билээ. Ийн атал австрали хүмүүсийн савангийн хөөсөө зайлдаггүй энэ заншил арваад жилийн өмнө ямар байсан, одоо ч гэсэн яг хэвээрээ. Хэвшсэн хэвшил, заншсан заншил гэдэг тийм ч амар арилдаггүй бололтой. Энэ удаад ч гэсэн найзуудынхаа гэрт хоноход тосгуураа усаар дүүргэж байгаад саван гээчийг сайхан хөөсрүүлж угаачихаад тэр чигээр нь гаргаж тавиад... гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, нэг их тоож сүр болоогүй л дээ. Гагцхүү монголоо бодож хэдэн зүйл эргэцүүлээд...

Бидний багад аяга тавгаа савангүй угаагаад болоод л байсан. Одоо ч гэсэн хэрэглэх хэрэггүй гэж санагдана. Бүр дийлэшгүй их өөх тостой бол бас яая гэхэв. Гэхдээ зүгэр нэг цай уучихаад савангаар угаана гэдэг... хайран ус биз дээ. Япон шиг чийг ихтэй, зуны цагт янзан бүрийн мөөг хөөсөнцөр шууд үрждэг газар бол бас ч яахав. Япон бас тэнгис далайгаар хүрээлэгдсэн бороо хур их ордог, юү элбэг ус элбэг орон. Харин монголын хувьд юу хэрэггүй, аяга таваг угаах шингэн саван хэрэггүй. Хөдөө их тостой юмыг гурилаар юмуу шороогоор угаагаад гялалзуулчихдаг л байсан шдээ.

Яагаад саванд нерв хөдлөөд байна гээд бодтол, эмээгээ саналаа. Эмээ маань дандаа голоос хол буудаг байсан. Голд ойрхон буух хүмүүст маш дургүй. Биднийг усанд явахад голд бузар оруулж болохгүй гээд заавал хувцас шалгана. Айраг бүлсэн нэгнийг голд цагаа оруулчихна гээд хамаг хувцасыг нь солино, солих хувцас байхгүй бол шалдан гүйлгэчихнэ. Манай гэр хавийн айлуудтай харьцуулахад голоос хамгийн хол байхад хүүхдүүд бидний хувцас хунар угаахдаа түмпэнгээ бариад бүр цааш явж угаадаг байж билээ. Австралийн тухай бичсэн биш эмээгээ саналаа...

3 comments:

zophal said...

hehe suuldee buur usand orohoo boliyo geech^^, usaa gamtai hereglej chadval ayaga tavag zailagch ni eruul ahuin uudnees heregleh heregtei shdee

Сүрэн said...

тэгж гуйвуулах хэрэггүй, усанд орохоо больё гэсэн хүн хаана байна. харин усаа бид гамтай хэрэглэх хэрэгтэй. ганц аяга цай уучихаад саван хөөсөөр аягаа угаах ямар ч хэрэгцээ байхгүй. тостой хоол идсэн бол өөр хэрэг.

Anonymous said...

The Sun sonin deer garsan bsaniig sanalaa: washing-up liquid-g usaar sain zailj arilgahgui ayagaa hataagaad bval astma ovchin tusdag gej bsan