2008/11/03

6. Австралийн тэмдэглэл, Sydney

1) Sydney хот модоо хайрладаг.

Айл бүрийн хашаан дахь модны тоо албан ёсны бүртгэлтэй. Хэдий өөрийн хашаа байшин, хувийн өмч гэлээ модоо дур мэдэн тайрч болохгүй. Яах аргагүй тайрах шаардлага гарвал заавал тусгай зөвшөөрөл авна. Ургаа модыг бүхэлд нь тайрах байтугай ганц хоёр мөчир хүртэл дур зоргоор тайрах хориотой.

2) Sydney хот байшин барилгаа хайрлан хамгаалдаг.

Эртний байшин, гүүр, гудамж гэдэг хотын архитектурын түүхэн өв сан. Тиймээс тусгай хамгаалалтанд байх ёстой. Тусгай хамгаалалт гэдэг нь хүвь хүн, пүүс компани дураар буулгаж нураах бүү хэл, дур мэдэн засвар хийж шинэчилж өөрчлөх эрхгүй. Хүмүүс нь ч эртний байшин барилгадаа их хайртай.

Улсын хамгаалалтанд зөвхөн ямарваа нэгэн түүхэн үйл явдал болсон нэртэй цуутай дурсгалт байшин биш, хуучны гэмээр бүх байшин орно. Би сайн мэдэхгүй ч мэдээжийн хэрэг ямар байшинг “хуучинд” оруулах тухай нарийн хэмжүүр байдаг байх. Darling Harbor-с уруудаж явахдаа таарсан нэгэн хана нэлээдийг бодогдуулав: зүгээр нэг шар өнгийн шавар хана. Цагийн сайнд гайгүй том байшингийн хана байсан бололтой. Дундуураа цуурч муураад энд тэнд тойпуу уначихсан харагдана. Ондоо улс бол аль хэдийнээ нураагаад оронд нь өөр юм барьчихна даа.

Харин учрыг асуутал Сидни хот барилга байшингаа алаг цоог үздэггүй гэнэ. Зөвхөн бүтэн байшин барилгаа хамгаалаад зогсохгүй эртний барилгын үлдэгдэл бол ганц хана ч байсан хамаагүй хойч үедээ үлдээхийг боддог ажээ. Ганц цэрэг юү гэдэг билээ дээ, түүн шиг ганц хана ч гэсэн хотын түүхийн нэгэн хэсэг. Нураах битгий хэл эргэн тойронд нь тодорхой зайнд хамаа намаагүй барилгын ажил явуулах хүртэл хориотой.

Эцэст нь дүгнэхэд муу Улаанбаатраа бодож үе үе санаа алдсан өдөр байлаа...

No comments: