2008/11/18

17. Австрали, Домог болон зүүд цаг

Өмнөх тэмдэглэлд бичсэн хоёр домогтой төстэй домог олон үндэстэн, ястны үлгэр домгийн санд байх тул аль ч нь австрийн уугуул домог байж болох. Гэвч австралийн язгуур хүмүүс (indigenous people) буюу аборигенуудын домог нь хоёр дахь нь. Харин эхнийх нь бол нэлээд хожуу зохиогдсон white хүмүүсийн домог ажээ.  

Австралийн уугуул иргэд энх тайван байдлыг эрхэмлэн дээдэлж, элдэв янзын шалтгаанаар илд барьж дайтдаггүй байжээ. Мөн байгаль дэлхийгээ шүтэн биширч хүний ч бай, амьтны ч бай "амийг" эрхэмлэн дээдлэх тул идэхээсээ илүү хэмжээний амьтан загас хүртэл агнадаггүй байв. Хий дэмий өвс хүртэл тасдахгүй хүмүүст хүүхэн булаахын төлөө хүний амь насанд хүрнэ гэдэг үнэн утгагүй асуудал. Тиймээс эгч дүү гурвыг хүчээр булаана, булааж авахын тулд овог аймаг хоорондоо амь тамаа үзэж байлдана гэдэг тэдний хувьд төсөөлөшгүй явдал болов уу.

Нөгөө талаас эхний домгоос white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал мөн хайр дурлалыг хачин янзаар “армаанчикладаг” нь харагдна гэж бодогдном. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэхүү дээ.  

Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime (зүүд цаг) болон домгууд ихээхэн байр суурь эзэлнэ. Dreamtime болон dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үед хорвоо дэлхий хэрхэн бүтэж бий болсон тухай цэгц ойлголт.

Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Язгуур хүмүүсийн зураг хөрөг, баримал сийлбэр, онгон шүтээн нь сонин, содон, гайхмаар, аймаар, энгийн атлаа хүчтэй, айдас төрүүлэм, бишрэл төрүүлэм, баяр төрүүлэм, сүжиг төрүүлэм... гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар сууж хармаар, дахиж очиж үзмээр санагдана. Зарим маск, онгон шүтээнээс шууд айгаад нүд дальдраад харж ч чадаагүй... заримыг нь харин арав хорин минутаар ширтэн суусан...

Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэл сэтгэгдлээ үг үсэг болгон буулгах чадвар маруухан юм... зохиолч болж төрөөгүйгээс хойш утгатай утгагүй олон үг урсгахаа больж өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе. 

No comments: