2008/11/21

19. Австрали, Geelong Grammar School

Geelong Grammar School, 
Timbertop Campus

Австралийн нэртэй хувийн сургуулиудын нэг Geelong Grammar School-д багшилдаг найзтайгаа уулзахаар Сиднигээс Мэльбурн хүртэл нисэв. Geelong Grammar School хэд хэдэн campus-тай сургууль, найз маань бөглүү хөдөө газар уулсаар хүрээлэгдсэн Timbertop гэдэг campus-д нь ажиллана. Газрын зургаас олоход хэцүү юм билээ, зүгээр Мэлбурны ойролцоо Mt. Buller гэдэг уул хайгаад тэр хавьд гээд ойлгочихвол OK.

Timbertop campus-н тухай бичих болсон шалтгаан нь энэ сургуулийн өвөрмөц сургалтад оршино. Мөн арван жилийн хүүхдийн боловсролын системийн тухай нэлээдийг бодогдуулсан тул бичихээр шийдсэн юм. Оршлоо орхиод олон үггүй гол сэдэвдээ орвол :

Geelong Grammar School бол Австралид ч бай хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50 мянган австрали доллар. Тиймээс сурч буй нь язгууртан, пүүс компаний эзэд г.м бололцоотой аав ээжийн хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу... хүүхдийнхээ их дээд биш “арван жилийн боловсролын” төлөө жилд 50 мянган доллар өгнө гэж бодохоор 150 жилийн өмнө байгуулагдсан энэ сургууль нэг үгээр хэлбэл аягүй баян аав ээж нарын хүүхдүүдийн сургууль. Сүүлийн үед тайланд, энэтхэг, индонези, японоос хүүхдүүдээ сургах хүмүүс олширсон тул waiting list хүртэл бий болсон гэх. Тimbertop campus-д жараад онд английн Чарльз хунтайж хагас жил сурсан гэхээр ерөнхийдөө ямар хэмжээний сургууль болох нь ойлгомжтой.

Гэхдээ энэ сургуулийн тухай бичихээр болсон минь эртний & үнэтэй, нэртэй гэдэгтэй огт холбоогүй. Гол учир Timbertop уулын хажууд байрлах, тус уулын нэрээр нэрлэгдсэн хөдөөний бяцхан campus-д байна. Уулс дундах энэ сургуулийг төсөөлөхөд тун амархан. Найрамдал зуслангийн зуны байшингууд юмуу өөр ямар ч хамаагүй монголын хүүхдийн зуны зуслан төсөөлөхөд OK. Монголын зуны зуслан лагерь шиг хүүхдүүд ээж ааваасаа холдож байгаль сайхан газар хэсэг хугацааг өнгөрүүлнө. Ялгаатай нь тэнд өнгөрүүлэх хугацаа нэг сар биш нэг жил бөгөөд бүрэн хэмжээний “сургууль” гэдэгт оршино. Өөр ялгаа гэвэл:

1. Timbertop-д зөвхөн дунд сургуулийн гуравдугаар ангийн хүүхдүүд нэг жил суралцана. Австралийн бага сургууль 7 жил, дунд сургууль 3 жил, ахлах анги 2 жил тул Тимбэртопд 14-15 насны буюу ид шилжилтийн насандаа байгаа хүүхдүүд ирж суралцана.

2. Timbertop сургууль нийтдээ хүүхдүүд, багш нарын хэд хэдэн байшин, хичээлийн байшин, хоолны зал, мөргөл & цуглаан зохион байгуулах бяцхан сүмээс бүрдэнэ. Note : сургуулийг бүх байшин барилгыг барилгачид биш 1960-аад оны эхний ээлжийн сурагчид, багш нар хамтран барьсан болно.

3. Хүүхдүүдийн амьдрах байшинг unit гэж нэрлэх бөгөөд нэг unit-д ойролцоогоор 15 хүүхэд байрлана. Unit нь дотроо 15 ор эгнэсэн томоо гэгчийн унтлагын нэг өрөө, хичээл хийх том өрөө, ойр зуурын цай хийж уух өрөө, шүршүүр банны (*) өрөө, томоо гэгчийн зуухтай галын өрөө, аяны үүргэвч цүнхээ тавих зоорь маягийн өрөө гээд ерөнхийдөө 2 том өрөө, 4 жижиг өрөөнөөс бүрдэнэ. Түүнээс гадна unit болгон дэргэдээ wood shed гэгдэх түлээ модны саравчтай.

Мянга уншихаас нэг хар гэдэг тул дээрхи зураг үзнэ үү. Мөн ерөнхий танилцуулгаа үүгээр өндөрлөж гол сэдэв буюу энэ сургуулийн сургалтын системийн тухай дараах тэмдэглэлд бичье.

(*) оросоор "ванна" гэх ч албаар монгол дуудлагаар бичив. ер нь радиатр = ражаатар, вагон = богоон, платье=палааж, гараж=гарааш гэх мэт монгол хэлэнд орж ирээд удаж байгаа, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон үгнүүдийг ингэж тэгж бичнэ гээд нэг дүрэмтэй болчихвол орос эхээр бичих үү, монгол дуудлагаар бичих үү гэж бодож суухгүй амар байхсан.

No comments: