2008/11/03

4. Австралийн тэмдэглэл : Хурим


  

Хурим ба хувцаслалт (далийлт)  

Илүү үг болгож хэлэхэд би энгийн эсгүүртэй, хуучны кинонд гардаг шиг дээлэнд дуртай. Сүүлийн үеийн янз бүрийн загвартай янзын янзын дээлэнд ерөнхийдөө дургүй талдаа. Гадныхан ч china dress гэж андуураад байдаг нь ядаргаатай. Тэр болгонд нь "Хүүеээ, тийм бишээ, үүх түүхийг нь яривал миний энэ дээл ч бай, хятадуудын биеэ барьсан china dress ч бай, аль алиных нь загварыг цэвэр монгол, эсвэл цэвэр хятад гэж хэлэх аргагүй. Хоёр зуун жилийн өмнө манжийн нөлөөгөөр одооны энэ загвар тогтсон байхгүй юу" гэж тайлбарлах болно. Даанч ийм тайлбар сонсоод ойлгох хүн ховор тул үргэлжлүүлж тайлбарлана.

"Манжийн ноёрхолд эхлээд хятад, дараа нь төвд, дараа нь монгол орсон. Тэгээд манж нар бүгдийг нь хүчээр дээлнийхээ загварыг өөрчлөхийг шаардсан юм. Гэхдээ монголд лам нар одоо ч гэсэн хуучин загвартай монгол дээлээ өмсдөг. Гол ялгаа нь дээлний хэлбэр гэхээс, энгэрийн хэлбэрт оршино. Манж нар зөвхөн лам хүнд монгол энгэртэй дээл өмсөхийг зөвшөөрсөн тул манжид эзлэгдсэний дараа омог бардам олон эрчүүд манж энгэртэй дээл өмсөхгүй гээд лам болж байсан түүхтэй. Тиймээс дээлний энгэр солиулна гэдэг хэний ноёрхолд байгаагаа байнга санаж явтугай гэсэн утгаас гадна, монголд бурхны шашин улам дэлгэрүүлэх гэсэн давхар бодлоготай бас холбоотой.

Монголчууд гэхдээ зүгээр үг дуугүй дээлний энгэрээ солиогүй, оронд нь эсэргүүцлээ илэрхийлж тэр болтол байгаагүй шинэ загварын малгай хийж өмсдөг болсон. Тэр малгайн бараг оёос болгон монголын эрх чөлөөг билэгдсэн нарийн учиртай (дээрх зураг). Харин дээлний энгэр яваандаа манж гэдэг нь мартагдсан, малгайны учир ч мөн адил..." гээд яриад байвал дуусашгүй.

Даанч Монгол улс, монголын түүхийг сонирхдоггүй л юм бол энэ тайлбарыг ойлгох хүн цөөхөн. Зарим нь, ялангуяа барууныхан манж гэхээр хятадтай хольж хутгаад ямар үндэстэн угсаатан болохыг ч мэдэхгүй. Суурин биш монгол, казах, киргиз нартай адил нүүдэлчин ард түмэн байсан гэхээр нүд нь орой дээрээ гарна, тайлбарлах гэж бөөн ядаргаа...

Эргээд уншсан чинь энэ & өмнөх хоёр тэмдэглэл австралийн гэхэд хэцүү тэмдэглэл болжээ :)

No comments: