2008/11/21

20. Австрали, Timbertop Campus онцлог



1. Маш хатуу журамтай :

  1) Гар утас, интернет, зурагт, видео тоглоом бүгд хориотой. Гэрийхэнтэйгээ нэг л аргаар харьцах бөгөөд тэр нь захиа. Гэрийхэнтэйгээ жилийн дотор нэг ч удаа уулзахгүй.

  2) Усанд орох усаа өөрсдөө түлээ мод хөрөөдөж тайрч хагалж халаана. Байраа болон сургуулиа өөрсдөө цэвэрлэнэ. Хичээл болгоны дараа яг монгол сургууль шиг жижүүр хүүхдүүд ангиа цэвэрлэнэ.

  3) Хүүхдүүд өөрсдийн амьдардаг unit-с бусад unit уруу орох хориотой. Тиймээс ондоо unit-н хүүхэдтэй зөвхөн хичээл дээр л уулзана. Багш нарын unit уруу орох байтугай дөхөж ч очихгүй.

  4) Элдэв зөрчил энэ тэрийг тогтоосон тодорхой тооноос илүү гаргавал шууд баяртайски. Ээж аав нь ирээд мянга түм гуйгаад мөнгө өгөөд ч нэмэргүй.

  5) Миний хувьд мангар санагдсан нэг журам: Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж дурлаж болохгүй.
2. Биеийн тамир нэг номерт тавигдсан.

Хүүхдүүдийн бие махбодийн хөгжил, биеийн тамирыг маш чухалд үзнэ. Толгойд нь тэдэн онд тийм хаан нас барсан гэх мэт мэдэлэл information чихэхээс илүү чухалд үзнэ. Ер нь Timbertop-н гол зорилго бол хүүхдүүдийг тэвчээртэй, тэсвэртэй болгоход орших юм шиг санагдсан. Харин энэхүү зорилгоо биелүүлэх "хэрэгсэл" хэмээн биеийн тамирыг сонгож биелүүлэх орчин нь хүнгүй зэлүүд, өндөр модтой уул байх ажээ. Бүр тодруулбал:

  1) Долоо хоногт хичээл дөрвөн өдөр орно. Үлдсэн гурав хоногийг ууланд өнгөрөөнө. Ууланд өнгөрөөхдөө ирээд удаагүй, дасаагүй үедээ өдөртөө буцаж ирэх “поход” хийнэ. Эхэндээ зүгээр л өдөржин тодорхой маршрутаар алхана. Дараа нь тэр нь шогших поход болж хувирна. Яваандаа шогших хугацаа болон зай нь уртасна. Хамгийн сүүлд сургуулиасаа Timbetop уулын орой уруу гүйж гараад гүйсээр байгаад буцаж ирнэ. Тэр нь Сүхбаатарын тайлбайнаас Богины амын орой хүртэл тувт гүйж гараад орой дээр гарсаныгаа батлах юм бичиж үлдээгээд буцаж гүйж ирэхтэй адил. Яг намайг очиход найз маань улдахгүй шогших походонд явах тул жаахан бэлтгэл хиймээр байна, бас чамд уулын оройгоос эргэн тойрныг харуулмаар байна гээд хэдүүлээ Timbertop уул өөд гарахаар болов. Мань хэд ч яахав шууд уулын хормой руу машинаар очоод тэндээс дээш гарсан. Тэгсэн хэрнээ л Сүрэн бол байн байн амарч амьсгаадаж ам хошуугаа сарвайлгаж "үйлээ үзсэн". Өөрийнхөө өчүүхэн чинээ чадалгүйг үнэнхүү мэдсэн өдөр байв... Харин найз маань түрүүлж гүйгээд л, буцаж ирж намайг тойрч гүйгээд л... ёоооо л гсн.

  2) Өдөртөө буцаж ирэх поход яваандаа ууланд хонох поход болно. Тэгэхдээ хүүхэд бүр гурван өдөр уух ус, идэх хоол, аяга таваг, солих оймс, шүдэнз г.м. дор хаяж 10 орчим кило юм үүрч явна. Гурав юмуу дөрвөн хүүхэд нэг баг болж шөнө унтах палатка, хоол хийх газын плитка энэ тэрээ ээлжээр бас үүрнэ. Оны сүүлд төгсөхийнхөө өмнө аварга том буюу долоо хоногийн поход хийснээр Timbertop-г амжилттай дүүргэсэнд тооцно.

  3) Поход гэхээр зөвхөн алхаад байхгүй. Өвлийн улиралд country ski буюу цанаар “марш бросок” хийж арваад километр гулгана.
Энэ хүртэл ерөнхийдөө introduction байлаа, Timbertop-д гурав хоносон сэтгэгдэл болон бодогдсон зүйлээ дараагийн тэмдэглэлд бичье. Note: хүүхдүүдийг энэ бүх походонд амжилттай авч явах багш нар бүгд эрүүл чийрэг, булчин шөрмөстэй, тамирчид гэмээр л сайхан улс байна лээ.

No comments: