2008/11/22

23. Австрали, Timbertop & romance

Өмнөх тэмдэглэлд "Timbertop-д сурч байх хугацаандаа хүүхдүүд хоорондоо үерхэж болохгүй" гэсэн дүрэмтэй гэж хальт бичсэнийгээ жаахан дэлгэрүүлэе.

Timbertop-ийн дүрэм хатуу. Хүүхдүүд 15 хүүхэд байрлах өөрийн unit-дээ л орж болно. Бусад unit руу орох тас хориотой. Тиймээс ондоо unit-ийн хүүхдүүдтэй хичээлийн гадуур цагаар уулзах ямар ч боломжгүй. Хэрвээ анги ондоо биш бол уулзах боломж бүр ч байхгүй. Хүүхдүүдэд өдөр, оройны хоолны өмнө жаахан чөлөөт цаг гарна. Тэр үед бүгдээрээ хоолны томоо гэгчийн байрны өмнө цуглана. Цугласныхаа дараа хонхны дуугаар бүгд нам гүм болж малгайгаа авч жагсаад хоолонд орно. Би анх хараад ёстой алмайрсан, зуу гаруй хүүхдүүд хажууд нисч буй шумуулын дуу сонсогдохоор чив чимээгүй болохыг амьдралдаа анх удаагаа үзэх минь тэр . Ингэж жагсах гол шалтгаан нь хүүхдүүд эхэндээ хатуу дэглэмд дасахгүй оргож дүрвэдэг тул багш нар нэг нэгээр нь тоолж бүртгэдэг гэнэ.

Гэхдээ хоолны цагаар хүүхдүүдийн хувьд цэрэг шиг жагсч загас шиг дуугаа хураахаас гадна бас нэг чухал үйл ажиллагаа явагдана.  Тэр нь хайр дурлал, үерхэл, romance. Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж үл болно гэсэн хатуу хориотой. Хэдий хориотой ч хайр гэдэг хазааргүй, сэтгэл гэдэг жолоогүй. Тиймээс Ромео Жульетта хоёрын нас буюу 15-тай охид хөвгүүд мэдээжийн хэрэг бие биедээ сайн болно. Бусад үед тухтай уулзах боломжгүй учир хажуу ангийн харц булаам охин, хөрш unit-н хөөрхөн хөвгүүнд өгөх захиа занаа, message зурвасаа хоолны өмнөх хорин минутанд амжуулж дамжуулна. Захиа занаа болзооны хариуг ч гэсэн энэ үед уламжилна.

Харин багш нарын хувьд хоолны цагаар явагдах чухал үйл ажиллагаа нь romantic development-г барагцаалж мэдэх, урьдчилан сэргийлэх. Нэг төрлийн spy game гэх үү дээ... хэхэ. Найз маань багш болсон хойно хүүхдийг ажиглаж зогссон. Хүүхдүүд мангар биш хойно хэн нэгэнд сайн болсон сэтгэлээ мэдээж ил тод илэн далангуй илчлээд байхгүй, ихэвчлэн найз нөхөддөө энэ хүндэт үүрэг үүрүүлдэг гэнэ. Тиймээс багш нар хэн хэнтэй их уулзаж байна, мөн хэн хэнтэй найз гэдгийг мэдэх нь чухал гэнэ.

Найз маань ярихдаа, би өөрөө нөхөртэйгээ анх 15-тайдаа үерхэж эхэлсэн учраас нэг талаас энэ дүрэм үнэнхүү мангар гэж бодно. Нөгөө талаас эд нар энерги хүч нь буцалж дэвэрсэн арван тавтангууд. Иймээ тиймээ юм болвол бүх хариуцлага unit-н багшид ирнэ. Тэгээд ч энэ хавьд ямар дэлгүүр байх биш хэрэг боллоо гэхэд хэрэгтэй юмаа авч чадахгүй ш дээ гэв :) Багш нар хүүхдүүдийн үерхлийг мэдэж барьсан ч загнаж зандарч, ичээж айлгаад байхгүй, маш сайн анхааруулж ярилцаад ээж аав нарт нь мэдэгддэг гэнэ. Timbertop-д ирэхээсээ өмнө үерхэж эхэлсэн хоёр гурван ч хос байдаг, тэд нарын хувьд ээж аавтай нь цуг урьдчилан ярилцаж тохирсон and "they promised to be good" гэсэн. Whatever that means :D  Харин хүүхдүүдийн хувьд баригдахгүй гэдэг нэг ёсны нэр төрийн асуудал бололтой. Бүх арга заль, оюу ухаанаа дайчилдаг гэнэ (мэдээж шд). Зарим нь сургууль дахь сүүлчийн өдрөө бид хоёр хагас жил найзалсан гэж бардам гэгчийн зарлаж багш хүүхдүүдэд гайхуулдаг гэнэ.

Хүүхдүүдийг хараад амьдралдаа ганц удаа хагас дутуу хөдөлмөр зуслан явсанаа санаж билээ. Охидууд "голын хажууд ийм тийм улиас, бургас, хусны дэргэд уулзая" гэх мэт зурвас аваад гол дээр очтол ав адилхан хус улиасан дунд будилж төөрч... бас бус болзоонд яарсан юмуу хэн нэгнийг хүлээсэн хүүхдүүдтэй таарч сандарч, бие биедээ азаартаж... гэх мэт эргүүлж санахад хөгтэй хөгжилтэй явдлаар дүүрэн байж :D

-----------------------------------------------------
Энэ өдрийн хамгийн их инээсэн нь: нэгэн багш нэгэн ааааааааймаар залхуу сургачийнхаа тухай:  
He is so lazy, soooo lazy, he'll have to marry a pregnant woman !

2008/11/21

22. Австрали, Timbertop-ын сэтгэгдэл

Өмнөх тэмдэглэлүүддээ Timbertop-н үүсэл гарал, уламжлал, дүрэм журам дүрс зураг гээд ерөнхийд нь танилцуулсан билээ. Өнөөдөр харин сэтгэгдлээсээ хуваалцая.

1. Зөвхөн 14, 15 насны хүүхдүүд сурдаг нь тун учиртай санагдсан. Нөгөө гайхал шилжилтийн нас. Бие организмд бөөн гормонууд тэсэрч дэлбэрч ээж аавтайгаа таарахаа байж элдэв бүрийн шүүмжлэлийг эрээ цээрээгүй урсгадаг нас (би хувьдаа тэгэж байснаа санахгүй юм, гэхдээ сурах бичиг, хүмүүсийн яриагаар бол тэгдэг юм шиг байгаам hehe). Хүүхдүүдийн шилжилтийн насны багтаж ядсан тэр их энергийг дарж дарамтлах биш биеийн тамир спорт гэх мэх тун “peaceful” юм уруу чиглүүлж буй нь үнэлүүштэй.

2. Интернет, утас, зурагт, видео тоглоомгүй амьдралыг хүүхэд насаа хөдөө нутагт өнгөрөөсөн хэн ч гэсэн сайн мэднэ. Багад байхад аппарат гэвэл араажаваас ондоо юмгүй болдог л байсан. Харин хотын хүүхдүүд энэ тал дээр жаахан өрөөсгөл ойлголттой өсдөг шиг санагддаг. Амьдралыг байшин савгүйгээр төсөөлөхгүй, өдөр бүр идэж уух мах сүү нь гал тогооных нь ширээнд газрын хаанаас гараад ирсэнийг онолын хувьд төсөөлөх ч өөрийн нүдээр харсан үзсэн мэдсэн нь бага. Төдий зэрэг үнэлэх нь ч харамсалтай нь бас бага. Ялангуяа монголд хөдөө л гэвэл хоцрогдсон бүдүүлэг гэх үзэл ноёрхох. (За энэ сэдвээр дараа бичих үү дээ, далийх нь) Хамгийн гол нь хотын хүүхдүүд байгалиас холддог. Хүүхдүүдийг байгальтай ойртуулах гэдэг үүднээс энэ сургуулийг үнэлээд баршгүй гэж бодсон. Тэгэхдээ зүгээр нэг хөдөө хээр пикник хийх төдий биш, уулс модон дунд бүтэн нэг жил эргэх дөрвөн улирлыг харна, мэдрэнэ гэдэг тун чухал experience гэж бодогдох.

3. Интернет, утас, зурагт, видеогүй нэг жил болно гэдэг эдгээр бүгд байхгүй ч амьдрал будаа болдоггүйг практик дээр мэдүүлэх үүднээс яриан байхгүй чухал. Гэхдээ илүү чухал зүйл бас байна. Юү гэвэл, бүтэн нэг жил хүүхдүүдийн тархи толгойг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бүрэн тасархай байлгах явдал. Далийхад,ээж аав эгч маань хүн хөдөө очоод бүтэн нэг сар болж байж сайн амарсан болдог гэдэг. Энэ “онолоо” тайлбарлахдаа, хүн хөдөө очиход эхний долоо хоногт ажил энэ тэрээс эхсүүлээд хотын элдэв төрлийн “шуугиан” байнга толгойд эргэлдэх. Хоёр дахь долоо хоногоос тэр бүгд холдож эхлэх. Гурав дахь долоо хоногоос үе үе бодогдох ч бага багаар маргтагдана, дөрөв долоо хоноход тархи ерөнхийдөө цэвэршинэ. Тиймээс үр дүнгээ “бататгаад” еще нэг долоо хоног болоод улаа бутарсан хацартай уушиг дүүрэн амьсгалсан хүн хот уруугаа буцах нь зөв гэж тайлбарладаг. Үүнийг нь нэг үе намайг хөдөө нэг сар “хорихын” тулд зохиосон онол гэж бодож байлаа. Харин сүүлд янз бүрийн номноос 40 хоног гэдэг тун утгатай болохыг мэдсэн. Норбековын эмчилгээ ч тэр, 49 хоног ч тэр. Гол сэдэв рүүгээ буцаж орвол хүүхдүүдийг нэг жил хөдөө байлгана гэдэг бие бялдраас гадна хамгийн эгзэгтэй насанд тархийг нь маш сайн амрааж цэнэглэж өгч буй мэт санагдсан.

4. Хүүхдүүдийг интернет, утас, зурагтгүй байлгахын бас нэг үр өгөөж нь хүүхдүүдийн тархийг жинхэнэ утгаар “ажиллуулахад” орших мэт. Хүний тархи гэдэг байнга юм бодно. Байнга юм болгонд response хийнэ. Харин ердийн амьдралдаа response-ддэг аймшгийн кино, hollywood-н жүжигчин зэрэг нь алга болонгуут өөрийн эрхгүй анхаарал ондоо юм уруу чиглэх. Ургамал мод хад чулуу гээд гадагшаа чиглэх хүн байх. Өөрийн бодол дотоод ертөнц үрүү чиглэх хүүхэд бас байх. Мөн бүтэн жил чөлөөт цагаараа ном уншина, уншсан зүйлээ бодно. Бусад хүмүүс юү гэж бодсоныг google-дэж мэдэх аргагүй тул өөрийн эрхгүй өөрөө бодно, найзуудтайгаа бодлоо хуваалцана. Түнээс гадна сургууль "Art unit" гэх урлагийн тусдаа нэг байшин буюу тэнхимтэй. Тэнд дуу хөгжим, зураг, баримал гээд төрөл чиглэлээр сурах боломжтой. Тиймээс Timbertop сургууль хүүхдүүдийн "тэнцвэрт" буюу "balanced" хөгжлийг тун анхаарсан гэж бодогдох.

5. Маш хатуу дэглэмтэйг нь эхэндээ маш их гайхсан. Харин хоёр дахь өдрөөсөө ойлгож эхэлсэн. Дутуу нойртой хүүхэд онц сурч чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр хамгийн их дэглэм алдагдах насанд хүүхдүүдийг өдөр бүр 10-т унтуулж 7-д босгохоос эхсүүлээд “дэглэм” буюу дисциплинд оруулж буй нь сургамжтай санагдсан.

6. Тэнд байгаа нь бүгдээрээ боломжтой гэр бүлийн эрх танхил хүүхдүүд. Анх удаа аав ээжээсээ тусдаа амьдрахдаа нэг талаас жаахан “бие дааж” нөгөө талаасаа ээж аавынхаа энэрэл хайр ач тусыг илүү их мэдэрдэг болов уу. Мөн Timbertop дахь нэг жилээ бүгд хожим сайнаар дурсдаг гэх тул ээж аавдаа хэзээ хойно ч болов үнэхээрийн их талархдаг байх.

21. Австрали, Timbertop Campus (зураг)




1. Хүүхдүүдийн гол өрөө: намайг очиход их цэвэрлэгээний өдөр болж таарсан. Өрөөгөө цэвэрлэж, тоос шороогоо арчих нь ч яахав, хаа сайгүй л байдаг зүйл. Гол нь хүүхдүүдийн орон дээр бөөн юм овоолоостой. Яаж байгаам гэтэл,  хамаг хувцсаа гаргаж байгаад цэвэрхэн буцааж эвхэж хураадаг гэнэ. Тиймээс тун замбараагүй байгаа гэсэн :)

2. Хичээлийн өрөө: хүүхэд болгон өөрийн ширээтэй.

3. & 4. Түлээ модны саравч: хүүхдүүдийн байшин бүр хажуудаа ийм саравчтай. Усанд орох усаа халаахын тулд өөрсдөө түлээ модоо хагалж бэлдэнэ.

20. Австрали, Timbertop Campus онцлог



1. Маш хатуу журамтай :

  1) Гар утас, интернет, зурагт, видео тоглоом бүгд хориотой. Гэрийхэнтэйгээ нэг л аргаар харьцах бөгөөд тэр нь захиа. Гэрийхэнтэйгээ жилийн дотор нэг ч удаа уулзахгүй.

  2) Усанд орох усаа өөрсдөө түлээ мод хөрөөдөж тайрч хагалж халаана. Байраа болон сургуулиа өөрсдөө цэвэрлэнэ. Хичээл болгоны дараа яг монгол сургууль шиг жижүүр хүүхдүүд ангиа цэвэрлэнэ.

  3) Хүүхдүүд өөрсдийн амьдардаг unit-с бусад unit уруу орох хориотой. Тиймээс ондоо unit-н хүүхэдтэй зөвхөн хичээл дээр л уулзана. Багш нарын unit уруу орох байтугай дөхөж ч очихгүй.

  4) Элдэв зөрчил энэ тэрийг тогтоосон тодорхой тооноос илүү гаргавал шууд баяртайски. Ээж аав нь ирээд мянга түм гуйгаад мөнгө өгөөд ч нэмэргүй.

  5) Миний хувьд мангар санагдсан нэг журам: Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж дурлаж болохгүй.
2. Биеийн тамир нэг номерт тавигдсан.

Хүүхдүүдийн бие махбодийн хөгжил, биеийн тамирыг маш чухалд үзнэ. Толгойд нь тэдэн онд тийм хаан нас барсан гэх мэт мэдэлэл information чихэхээс илүү чухалд үзнэ. Ер нь Timbertop-н гол зорилго бол хүүхдүүдийг тэвчээртэй, тэсвэртэй болгоход орших юм шиг санагдсан. Харин энэхүү зорилгоо биелүүлэх "хэрэгсэл" хэмээн биеийн тамирыг сонгож биелүүлэх орчин нь хүнгүй зэлүүд, өндөр модтой уул байх ажээ. Бүр тодруулбал:

  1) Долоо хоногт хичээл дөрвөн өдөр орно. Үлдсэн гурав хоногийг ууланд өнгөрөөнө. Ууланд өнгөрөөхдөө ирээд удаагүй, дасаагүй үедээ өдөртөө буцаж ирэх “поход” хийнэ. Эхэндээ зүгээр л өдөржин тодорхой маршрутаар алхана. Дараа нь тэр нь шогших поход болж хувирна. Яваандаа шогших хугацаа болон зай нь уртасна. Хамгийн сүүлд сургуулиасаа Timbetop уулын орой уруу гүйж гараад гүйсээр байгаад буцаж ирнэ. Тэр нь Сүхбаатарын тайлбайнаас Богины амын орой хүртэл тувт гүйж гараад орой дээр гарсаныгаа батлах юм бичиж үлдээгээд буцаж гүйж ирэхтэй адил. Яг намайг очиход найз маань улдахгүй шогших походонд явах тул жаахан бэлтгэл хиймээр байна, бас чамд уулын оройгоос эргэн тойрныг харуулмаар байна гээд хэдүүлээ Timbertop уул өөд гарахаар болов. Мань хэд ч яахав шууд уулын хормой руу машинаар очоод тэндээс дээш гарсан. Тэгсэн хэрнээ л Сүрэн бол байн байн амарч амьсгаадаж ам хошуугаа сарвайлгаж "үйлээ үзсэн". Өөрийнхөө өчүүхэн чинээ чадалгүйг үнэнхүү мэдсэн өдөр байв... Харин найз маань түрүүлж гүйгээд л, буцаж ирж намайг тойрч гүйгээд л... ёоооо л гсн.

  2) Өдөртөө буцаж ирэх поход яваандаа ууланд хонох поход болно. Тэгэхдээ хүүхэд бүр гурван өдөр уух ус, идэх хоол, аяга таваг, солих оймс, шүдэнз г.м. дор хаяж 10 орчим кило юм үүрч явна. Гурав юмуу дөрвөн хүүхэд нэг баг болж шөнө унтах палатка, хоол хийх газын плитка энэ тэрээ ээлжээр бас үүрнэ. Оны сүүлд төгсөхийнхөө өмнө аварга том буюу долоо хоногийн поход хийснээр Timbertop-г амжилттай дүүргэсэнд тооцно.

  3) Поход гэхээр зөвхөн алхаад байхгүй. Өвлийн улиралд country ski буюу цанаар “марш бросок” хийж арваад километр гулгана.
Энэ хүртэл ерөнхийдөө introduction байлаа, Timbertop-д гурав хоносон сэтгэгдэл болон бодогдсон зүйлээ дараагийн тэмдэглэлд бичье. Note: хүүхдүүдийг энэ бүх походонд амжилттай авч явах багш нар бүгд эрүүл чийрэг, булчин шөрмөстэй, тамирчид гэмээр л сайхан улс байна лээ.

19. Австрали, Geelong Grammar School

Geelong Grammar School, 
Timbertop Campus

Австралийн нэртэй хувийн сургуулиудын нэг Geelong Grammar School-д багшилдаг найзтайгаа уулзахаар Сиднигээс Мэльбурн хүртэл нисэв. Geelong Grammar School хэд хэдэн campus-тай сургууль, найз маань бөглүү хөдөө газар уулсаар хүрээлэгдсэн Timbertop гэдэг campus-д нь ажиллана. Газрын зургаас олоход хэцүү юм билээ, зүгээр Мэлбурны ойролцоо Mt. Buller гэдэг уул хайгаад тэр хавьд гээд ойлгочихвол OK.

Timbertop campus-н тухай бичих болсон шалтгаан нь энэ сургуулийн өвөрмөц сургалтад оршино. Мөн арван жилийн хүүхдийн боловсролын системийн тухай нэлээдийг бодогдуулсан тул бичихээр шийдсэн юм. Оршлоо орхиод олон үггүй гол сэдэвдээ орвол :

Geelong Grammar School бол Австралид ч бай хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50 мянган австрали доллар. Тиймээс сурч буй нь язгууртан, пүүс компаний эзэд г.м бололцоотой аав ээжийн хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу... хүүхдийнхээ их дээд биш “арван жилийн боловсролын” төлөө жилд 50 мянган доллар өгнө гэж бодохоор 150 жилийн өмнө байгуулагдсан энэ сургууль нэг үгээр хэлбэл аягүй баян аав ээж нарын хүүхдүүдийн сургууль. Сүүлийн үед тайланд, энэтхэг, индонези, японоос хүүхдүүдээ сургах хүмүүс олширсон тул waiting list хүртэл бий болсон гэх. Тimbertop campus-д жараад онд английн Чарльз хунтайж хагас жил сурсан гэхээр ерөнхийдөө ямар хэмжээний сургууль болох нь ойлгомжтой.

Гэхдээ энэ сургуулийн тухай бичихээр болсон минь эртний & үнэтэй, нэртэй гэдэгтэй огт холбоогүй. Гол учир Timbertop уулын хажууд байрлах, тус уулын нэрээр нэрлэгдсэн хөдөөний бяцхан campus-д байна. Уулс дундах энэ сургуулийг төсөөлөхөд тун амархан. Найрамдал зуслангийн зуны байшингууд юмуу өөр ямар ч хамаагүй монголын хүүхдийн зуны зуслан төсөөлөхөд OK. Монголын зуны зуслан лагерь шиг хүүхдүүд ээж ааваасаа холдож байгаль сайхан газар хэсэг хугацааг өнгөрүүлнө. Ялгаатай нь тэнд өнгөрүүлэх хугацаа нэг сар биш нэг жил бөгөөд бүрэн хэмжээний “сургууль” гэдэгт оршино. Өөр ялгаа гэвэл:

1. Timbertop-д зөвхөн дунд сургуулийн гуравдугаар ангийн хүүхдүүд нэг жил суралцана. Австралийн бага сургууль 7 жил, дунд сургууль 3 жил, ахлах анги 2 жил тул Тимбэртопд 14-15 насны буюу ид шилжилтийн насандаа байгаа хүүхдүүд ирж суралцана.

2. Timbertop сургууль нийтдээ хүүхдүүд, багш нарын хэд хэдэн байшин, хичээлийн байшин, хоолны зал, мөргөл & цуглаан зохион байгуулах бяцхан сүмээс бүрдэнэ. Note : сургуулийг бүх байшин барилгыг барилгачид биш 1960-аад оны эхний ээлжийн сурагчид, багш нар хамтран барьсан болно.

3. Хүүхдүүдийн амьдрах байшинг unit гэж нэрлэх бөгөөд нэг unit-д ойролцоогоор 15 хүүхэд байрлана. Unit нь дотроо 15 ор эгнэсэн томоо гэгчийн унтлагын нэг өрөө, хичээл хийх том өрөө, ойр зуурын цай хийж уух өрөө, шүршүүр банны (*) өрөө, томоо гэгчийн зуухтай галын өрөө, аяны үүргэвч цүнхээ тавих зоорь маягийн өрөө гээд ерөнхийдөө 2 том өрөө, 4 жижиг өрөөнөөс бүрдэнэ. Түүнээс гадна unit болгон дэргэдээ wood shed гэгдэх түлээ модны саравчтай.

Мянга уншихаас нэг хар гэдэг тул дээрхи зураг үзнэ үү. Мөн ерөнхий танилцуулгаа үүгээр өндөрлөж гол сэдэв буюу энэ сургуулийн сургалтын системийн тухай дараах тэмдэглэлд бичье.

(*) оросоор "ванна" гэх ч албаар монгол дуудлагаар бичив. ер нь радиатр = ражаатар, вагон = богоон, платье=палааж, гараж=гарааш гэх мэт монгол хэлэнд орж ирээд удаж байгаа, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон үгнүүдийг ингэж тэгж бичнэ гээд нэг дүрэмтэй болчихвол орос эхээр бичих үү, монгол дуудлагаар бичих үү гэж бодож суухгүй амар байхсан.

2008/11/18

18. Австрали, Prime Minister Apology Speech

Австралид очиход зурагтын бүх сувгаар Ерөнхий сайд гараад "Sorry" гэж ард түмэндээ хандаж хэлээд бөөн юм болж байлаа. Японд байдаг мань хэдэд японы ерөнхий сайд "sorry" гээд зурагтаар гарвал ердөө хоёрхон зүйл л бодогдоно:
1) засгийн газар нь дампуураад баагий огцрох гэж байна
2) мань эр өөрөө эсвэл ойр хавийнх нь нэг баагийг авилгал зэргийн хэрэгт холбогдсон юм байна...

Австралийн хувьд гэвч байдал тэс өөр, энэ улсын түүхэнд гарцаагүй ул мөрөө үлдээх үйл явдал болж байлаа. Магадгүй хамгийн чухал "түүхэн" мөчийн нэг байх болов уу. Учир юу вэ гэвэл  Ерөнхий сайд австралийн уугуул иргэд буюу аборигенуудаас өдий хүртэл учруулсан хор хөнөөл, аллага таллага, доромжлол, гадуурхал, ялгаварлал... бүгдийнх нь төлөө анх удаа албан ёсоор уучлал гуйсан юм. Бүрэн apology speech: http://www.pm.gov.au/media/Speech/2008/speech_0073.cfm  Дашрамд хэлэхэд австралийн өмнөх ерөнхий сайд одоогийн ерөнхий сайдад суудлаа өгсөн гол шалтгаан нь: томуу ханиад (инфлуэнза) тархахад авсан арга хэмжээ нь муу байсан, аборигенуудаас уучлал гуйхгүй гэсэн хатуу бодлоготой байсан, хамгийн гол нь Кёотогийн протоколд гарын үсэг зураагүй нь байгаль орчноо хайрладаг ухамсар өндөр австраличуудын уурыг ихэд хүргэсэн.  

Өмнөх тэмдэглэлд white хүмүүсийн тухай хальт муугаар дурдсан билээ. Одоо эсрэгээр буруугаа хүлээж чаддаг, түүнийхээ төлөө уучлал гуйж чаддаг чанарыг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Хятадын ерөнхий сайд хэзээ нэгэн цагт төвд, өвөр монгол болон бусад бага ястан үндэстэнд хандаж адил speech хэлнэ гээд бод доо... хэхэ. Эсвэл японууд олон таван тайлбайргүйгээр солонгос, хятадаас уучлал гуйх г.м. Герман италийг бидэнтэй дайтсан байлдсан гээд орос, польш, европын ямар ч улс гомдол нэхэхгүй байхад аль хэдийн дууссан дайны хэрэггүй ачааг япон өдий болтол үүрсэн хэвээрээ. Нөгөө талаас цаад улсуудын чанар ч бас байгаа байх. Бусад их гүрнүүд гэвэл Америк вьенамын дайны төлөө уучлал гуйсан билүү юу билээ... Оросууд ази европын зааг болоод тэр үү, их улсын үндсэрхэг үзлээсээ болдог уу, бас л уучлал гуйхдаа муу улс шиг санагддаг.     

Хувь хүн ч бай, туурга тусгаар улс ч бай түр тар хийхээ больж уучлал гуйх нь гуйгаад, уучлах нь уучлаад хорвоо ертөнц амгалан болж хотол түмнээрээ нам тайван жаргаасай билээ... тээ  

Анхааруулга:
Аль дивангарын Ромын эзэнт улс, Чингисийн байлдан дагуулал, Османы түрэмгийлэл, Их Британы эзэрхэг бодлого зэрэг дайн байлдаан & тэдгээрийн төлөөх уучлал яриагүй шүү... Дэлхий нийтээрээ хүмүүсийн ухамсар өсч, дайн дажингүй нийгэм энэ дэлхийдээ байгуулая гэх хэлэлцэн ярилцах болсноос хойшхи үе буюу 20-р зууны тухай ярьж байна.

17. Австрали, Домог болон зүүд цаг

Өмнөх тэмдэглэлд бичсэн хоёр домогтой төстэй домог олон үндэстэн, ястны үлгэр домгийн санд байх тул аль ч нь австрийн уугуул домог байж болох. Гэвч австралийн язгуур хүмүүс (indigenous people) буюу аборигенуудын домог нь хоёр дахь нь. Харин эхнийх нь бол нэлээд хожуу зохиогдсон white хүмүүсийн домог ажээ.  

Австралийн уугуул иргэд энх тайван байдлыг эрхэмлэн дээдэлж, элдэв янзын шалтгаанаар илд барьж дайтдаггүй байжээ. Мөн байгаль дэлхийгээ шүтэн биширч хүний ч бай, амьтны ч бай "амийг" эрхэмлэн дээдлэх тул идэхээсээ илүү хэмжээний амьтан загас хүртэл агнадаггүй байв. Хий дэмий өвс хүртэл тасдахгүй хүмүүст хүүхэн булаахын төлөө хүний амь насанд хүрнэ гэдэг үнэн утгагүй асуудал. Тиймээс эгч дүү гурвыг хүчээр булаана, булааж авахын тулд овог аймаг хоорондоо амь тамаа үзэж байлдана гэдэг тэдний хувьд төсөөлөшгүй явдал болов уу.

Нөгөө талаас эхний домгоос white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал мөн хайр дурлалыг хачин янзаар “армаанчикладаг” нь харагдна гэж бодогдном. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэхүү дээ.  

Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime (зүүд цаг) болон домгууд ихээхэн байр суурь эзэлнэ. Dreamtime болон dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үед хорвоо дэлхий хэрхэн бүтэж бий болсон тухай цэгц ойлголт.

Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Язгуур хүмүүсийн зураг хөрөг, баримал сийлбэр, онгон шүтээн нь сонин, содон, гайхмаар, аймаар, энгийн атлаа хүчтэй, айдас төрүүлэм, бишрэл төрүүлэм, баяр төрүүлэм, сүжиг төрүүлэм... гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар сууж хармаар, дахиж очиж үзмээр санагдана. Зарим маск, онгон шүтээнээс шууд айгаад нүд дальдраад харж ч чадаагүй... заримыг нь харин арав хорин минутаар ширтэн суусан...

Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэл сэтгэгдлээ үг үсэг болгон буулгах чадвар маруухан юм... зохиолч болж төрөөгүйгээс хойш утгатай утгагүй олон үг урсгахаа больж өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе. 

2008/11/17

16. Австрали, Three sisters legend

  

Өмнөх тэмдэглэлд зургийг нь оруулсн эгч дүү гурван хадны тухай хэд хэдэн домог байдгаас гол хоёр домгийг танилцуулбал:

1. Эртэээ урдын цагт үзэсгэлэнгт эгч дүү гурав аж төрөн амьдран сууж байв. Эгч дүү гуравт ондоо омгийн гурван залуу дурласан боловч өөр омгийн хүнтэй гэрлэн суух хориотой учир залуус эгч дүү гурвыг булаан авахаар шийдэв. Ийнхүү хоёр омгийн хооронд дайн дажин дэгджээ. Омгийн бөө эгч дүү гурвыг хамгаалах зорилгоор гурван хад болгож хувиргав. Мэдээж, дайн байлдаан дууссаны дараа дахин хүн төрөлд нь буцаах гэж байсан боловч даанч бөө амь үрэгдсэн гэнэ. Охидуудыг эргүүлж хүн дүрд оруулах арга номыг бөөгөөс ондоо хэн ч үл мэдэх тул охидууд тэр чигээрээ үзэсгэлэнт гурван хад болон үлджээ.   

2. Эрт дээр үед үзэсгэлэнт гурван охинтой Tyawan гэгч шидтэн Цэнхэр уулсад аж төрөн амьдран суудаг байв. Тэр үед Цэнхэр уулсын тэртээээ доорх агуй нүхэнд Bunyip гэдэг аймшигт амьтан (манайхаар бол мангас юмуудаа) амьдарч байсан агаад амьд бүхэн түүнээс айдаг байсан гэнэ. Шидтэн хол явахдаа охидуудаа хадан хавцалын ард аюулгүй газар үлдээгээд явна. Нэгэн удаа шидтэн уулаас уруудаж байтал охидуудын нуугдсан газар томоос том сentipede (*) гарч ирэхэд том охин нь айж цочсондоо санаандгүй чулуу аваад шидчихэж. Тэр даруй өт хорхой, амьтан шувуу бүгд айсандаа амьсгаа даран чулуу хааш унахыг дагуулж харав. Чулуу унах дуугаар аймшигт Bunyip агуй нүхнээсээ архиран гарч ирээд охидууд руу дайрахад аав нь шидэт ясаа шидэж охидоо гурван хад болгож хувиргав. Уурласан Bunyip шидтэний хойноос хөөсөн учир тэрээр өөрийгөө Lyre шувууд хувиргаад аймшигт араатнаас мултарч чаджээ. Ийнхүү бүгд амь мэнд гарсан боловч шидтэн зугтааж байхдаа шидэт ясаа шигүү ургасан өвс бургасын дунд гээчихсэн гэнэ. Bunyip явсаны дараа Tyawan гээсэн ясаа хайгаад хайгаад олоогүй бөгөөд одоо ч цэнхэр уулсын үүгээр түүгээр нисэн шидэт ясаа хайж буй. Харин охидууд аав нь ясаа олоод тэднийг эргүүлж хүн болгохыг тэвчээртэй хүлээсээр...

Энэ хоёр домог уншихад аль нь австралийн уугуул домог юм шиг санагдаж байна ? 

(үргэлжлэл дараагийн тэмдэглэлд)

* centipede - монголоор юу гэхийг мэдэхгүй, жаран хөлттэй төстэй зурган дээрх амьтан

15. Австрали, Blue Mountains, Three sisters



Blue Mountains нэртэй бөгөөд сүртэй сайхан уулс.  
Уулсын дунд дутуугүй дуулиантай “эгч дүү гурав” нэртэй гурван хад сүндэрлэнэ.
Яагаад “ах дүү” биш “эгч дүү"болохыг тааж ядах юмгүй. Үргэлжийн мөнхөд ширтэж суумаар үзэсгэлэнтэй сайхан учир...
.

14. Австрали, Blue Mountains






Тээр доор машин харах аймаар байсан ч харахгүй байж чадсангүй ...

13. Австрали, Blue Mountains

 

Эвкалипт модон ойтой цэнхэрлэн харагдах Blue Mountains зүй ёсоор австралийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг. Унаган төрхөөрөө байгаа эдгээр уулсыг харах гэж айлчин жуулчид алс холоос түм бумаар аялан ирнэ.   

Хөхөрч манарах холын бараа, тэнгэрийн хаяатай нийлэх уулс, хязгааргүй үргэлжлэх ногоон модон нөмрөг, эвкалипт модны сэнгэнэсэн сайхан үнэр, өвс модыг намилзуулах урьхан салхи, үзээгүй хараагүй сонин содон шувуудын дуу ...  

Хүний нутгийнх ч гэлээ хөхрөн униартах энэ уулс өнгөт дэлхийн уярам сайхныг, өргөн хорвоогийн дуулам сайхныг уушиг цээж, ухаа бодол, уянга сэтгэлд минь улам их мэдүүлж мэдрүүлсэн билээ. Яагаад ч юм сэтгэл догдолж санаа бодол бяцхан үймэрч алс холын нутгаа аягүй их санасан өдөр байлаа...

2008/11/16

12. Австралийн тэмдэглэл, Casino төгсгөл

Сүүлийн үед юм болгоныг дүгнэх хоббитэй болоод байгаа. Казино орсноо ч гэсэн энэ хоббинэсээ гажихгүй дүгнэе гэвэл ерөнхийдөө маш хөгжилтэй бас сургамжтай туршлага болов:

1. Өөрийгөө анхаарч ажиглахын чухлыг мэдэв. Болимоор санагдсан үед болих хэрэгтэйг ухаарав.

2. Хүмүүс яагаад казино ч бай, хөзөр ч бай, пачинко ч бай мөрийтэй тоглоомд хамаг юмаа алддагийг "мэдсэн" гэхээс өөрийн биеэр жаахан “мэдрэв”. Данс 130 хүрсэнээ 30 болоход миний нүдэнд тоглоом эхлэхэд байсан 50$ биш хожсон 100, 130 харагдаад, 20$ биш 80, 100 $ алдсан юм шиг санагдаад revenge хийж "өөрйн” мөнгөө буцааж авмаар болдог юм байна лээ... hehe Хүмүүс ийнхүү “өөрийн” мөнгөө буцааж авахын тулд үргэлжлүүлэн тоглоод хамаг юмаа алддаг байж магад.

3. Мөнгө хожно гэдэг их бага нь хамаагүй маш том адреналин. Хүмүүс мөнгөний тухай ярихад тархинд нь ялгарах сэргээш бодис секс, адал явдал, урлаг спорт, улс төр ярьснаас хэд дахин илүү байдгийг хаанахын ч билээ, хэсэг эрдэмтэд туршилт хийж тогтоосон тухай сэтгүүлээс уншиж байсан маань тун ортой санагдав. Гэхдээ л хааяа нэг тоглох бол гэмгүй fun байхаа (хэхэ хүн ингэж л болохоо байж эхэлдэг байх )

4. Казино яаж ажиллаж, хэрхэн тасралтгүй тоглоод баймаар орчин үүсгэдгийг "мэдрэв". Нэгд, казино цоглог хөгжимтэй, бүдэг хэрнээ өвөрмөц тод гэрэлтэй. Хамгийн гол нь цонхгүй бөгөөд цагггүй. Орчин үед ямар ч байгууллга барилгын хананд ядаж ганц цаг байдаг даа... тэгсэн казинод ноль. Тиймээс байнга өөрийгөө хянаж цагаа харж байхгүй бол хэзээ ирж, хэр удаан тоглож хэдэн цаг өнгөрсөнийг мэдэхгүй. Дөнгөж 40 мин болсон мэт санагдаж байхад үнэндээ аль хэдийнээ цаг хагас явчихсан байна. Энэ тухай гэхдээ онож тайлбарласан хүний үгийг иш татъя: “People enter the babel of illusion, deceived by the music and moving lights into feeling like they are doing something interesting. They lose track of time in the permanent indoor twilight unsure it’s night or day in the real world. They come to be numbed to their feelings and problems. The corrupting influence of this floating den of iniquity works its magic. Slowly their inhibitions relax.”

5. Казинод тодорхой төрлийн “азтай” хүмүүс хождог мэт санагдсан. Тэр азыг нь юу ч гэж тодорхойлмоор юмбдээ... амьдралд хандах төрөлхийн хандлага гэхүүдээ. Жишээ нь их сургуульд манай ангид Г гэдэг банди байсим. Шалгалт болоход зуун асуултаас “би зөвхөн 3-р асуултыг л мэднэ” эсвэл “1-10 асуултанд л хариулж чадна” гэнэ. Тэгээд оронгуутаа уншсан ганц асуултаа суглана. Үнэн азтай, үнэн атаархмаар... Сүрэн тэгэхэд яажийна ? 1-90 асуултыг ян тан мэдэж байлаа ч уншаагүй 90-100 дундаасаа л сугалдаг байку юу... өөрөө өөртөө үнэнхүү гомдмоор. Тиймээс над шиг хүмүүс казиногоос холхон байсан нь дээр байх. Гэхдээ Г ч гэсэн казинод хааяа орвол азтай, байнга орвол алдаатай мэт санагдана. Казинод тоглож амьдардаг хүмүүс байдаг л гэдийн... уулзаж үзэхиймсан. Аа тийм, согтуу хүн морьноос унасан ч бэртдэггүйн адил согтуу хүмүүс казинод их хождог гэсэн. Согтуу хүний “сохор ухаан” нь тэгж ажилладаг юм болов уу, бүү мэд.

6. Хамгийн гол нь : настр муу, ажил муу, санхүү муу гэх мэт амьдрал барзгар үед хэрхэвч тоглож болохгүй. Учир нь тависан бүхнээ алдана. Сайн тайлбарлаж мэдэхгүй ч яагаад ч юм ийм сэтгэл төрсөн. Ерөнхийдөө амьдрал гайгүй үед for fun гэж л тоглох хэрэгтэй байх, тоглохдоо хүрвэл.

11. Австралийн тэмдэглэл, Casino

Хамгийн сонин нь зочид буудалд ирсэний дараа болов.

Энэ өдөр өглөөнөөс эхсүүлээд өдөржингөө нэг дуу толгойд эргэлдээд. Дуучин нь жаахан сөөнгөдүү хоолойтой ч эмэгтэй эрэгтэйг нь санадаггүй. Уянгалаг аятай ч санаанд зарим хэсэг нь тод, зарим нь байхгүй. Дууны үгнээс санаж байгаа нь зөвхөн “ ~in Cincinnatti ♪ ” гэсэн нэг нэр үг, нэг дагавар үг. Тэгсэн шөнө яг унтахын өмнө 60-аад оны "Cincinnati kid" гэдэг америк киноны дуу болохыг аягүй тод санаад. Энэ нь покер тоглодог gambler залуугийн тухай кино. Casino явна гэдэг гэнэтийн шийдвэр байсан болохоор тун сонин санагдсаныг нуух юун. Совин татсан ч юм шиг... гэхдээ совин татсан гэхэд хожсон мөнгө бага ч юм шиг... хэхэ

Энэ тухай Норид хэлсэн чинь "Нээрээ, би эхэндээ Макиког дагаж байснаа дундаасаа чамайг дагамаар санагдсан 何だか妙な力を感じた (нэг л сонин юм мэдэрсэн)" гэж авдгийн :) Макико болохоор "эртхэн мэдсэн бол хожиж эхлэнгүүт чинь чамайг дагадаг байж, тэгэхдээ чам шиг 5$ биш шууд 10, 20 тавих байсан" гэж инээд хүргээд.

Мelbourne-d бүх музей, ресторан зоогийн газар 8 гээд хаагдчихна. Тиймээс хийх юмгүйдээ харихаасаа өмнөх шөнө дахин нэг казино орж тоглов. Юм гэдэг сэтгэл дагадаг байх, Сиднид 45& хожсоноо бодоод байсан чинь дахиад 45 хожив. Ингээд амьдралдаа анх удаа казинод тоглож нийт 90 $ хожлоо доо :)

Уул нь миний зөн совин аягүй муу. Тэгээд тэр дуу санаанд ороод байсныг совин гэж үзэх үү, санаандгүй таарсан явдал гэж үзэх үү... хэхэ

10. Австралийн тэмдэглэл, Casino

Бүгдээрээ юун түрүүнд компьютер рулет тоглохоор шийдээд зэрэгцэн сууцгаав. Надаас бусад нь учир начрыг гялс олсон бололтой шууд л босоо эгнээ, хөдлөн эгнээ, тодорхой дөрвөлжин, тодорхой тоо гэх мэт янз янзын хувилбараар мөнгө бооцоогоо тавьж эхлэв. Сүрэн харин аягүй хаширлаж зөвхөн хар буух уу, цагаан буух уу гэсэн 50×50 магадлалтай, алдсан ч асар алдахгүй хожсон ч холдож баяжихгүй арга сонгов. Аргаа сонгосон ч аймхай юм болохоороо хэсэгтээ хар цагаан ямар дарааллаар бууж буйг ажиглаж зогсоод. Хэсэг ажигласны үр дүнд миний совин таамаг “эсрэгээр” ажиллаж байгаа юм шиг санагдаад явчихлаа. Учир нь цагаан бууна гэж бодохоор хар буугаад, хар бууна гэж бодохоор цагаан буугаад, ерөнхийдөө  аягүй мундаг таагаад байгаа хэрнээ тэр нь дандаа “эсрэг” :)

Ийнхүү жаал өөрийгөө & өрөөлийг ажигласны дараа мөнгөө санагдсанаас эсрэгээр тавьж эхлэв. Гэхдээ хажууд суух Таро шиг 10, 15, 20 $ биш, өчүүхэн юм болохоор тоглох minum 5$ л тавиад байлаа. Тэгсэн пөөөөөөөөөөөөөх 50$ маань нүд ирмэхийн зуур 65, 75, 85 болоод явчихав. 90 гарсны дараа жаахан амсхийж, ус уунгаа болих үгүйгээ хоромхон зуур бодсон ч 50-тай ирсэн юм чинь жаахан алдсан ч OK мэт санагдаад, бас найзууд хажуунаас "Сүрэн одоо азтай байна" гэж хөөргөөд. 100-с цааш бол хааяа нэг алдсан ч ерөнхийдөө сайн таагаад нэг мэдсэн данс маань 130$ болчихов :) Цэвэр 80 $ -ын хожоотой тоглоомоос гарах тухай жаахан бодсон ч үргэлжлүүлж тогломоор санагдаад... ерөнхийдөө тархины нэг тал "одоо боль!" гээд, нөгөө тал нь "яадаг юм, go go тогло тогло" гэсэн байдалтай. За яахав, хожигдож эхлэнгүүт 100 хүргээд болино гэсэн “хатуу” шийдвэртэй эргээд тоглоомд оров. Тэгсэн пөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх данс маань гэрлийн хурдтай 90, 80, 70, 60, 50, 40, 30 болчихдог гэж байгаа :(

Дахиад яах ийхээ бодлоо... тэгээд анхнаасаа л алдана гэж 50 $ кармалж ирсэн хойно дүүрч дүүрч гээд :) Гэхдээ дансанд 30-хан $ үлдсэн тул тоглохоо түр болиод дахиад өөрийгөө ажиглав. Жаал ажигласны эцэст аягүй болгоомжтой, гурав дараалж “эсрэг” зөв тааж байвал дөрөв дэх дээр нь тавих болов. Тэгж болгоомжилсон нь үр дүнгээ өгөв үү, аль эсвэл аз гэгч нь дахин сэргэв үү бүү мэд, юутай ч миний данс 40, 35, 50, 35, 45, 50 гэх мэт ухарч урагшлахыг хослон байж 75 хүрэв. Ёооооох , амсхийв.

Сүүлд Таротой жинхэнэ рулеттэй ширээн дээр очиж хоюулаа minium 10 $ тавив. Энэ удаад ч гэсэн хэсэгтээ өөрийгөө ажиглаж байгаад цагаан харыг эсрэгээр нь тааж эхлэнгүүт тавьсан. Хажуу дахь Таро чамтай адил тавина гээд тэсвэртэй хүлээгээд :) Үр дүн гэвэл: тавьсан 10 доллар 20 болж, дансны баланс 95$ хүрэв. Бусад хүмүүс гэвэл Таро 75, Нори 50, Макико харин хагас данстай. Ингээд хамгийн их хожсоноороо Сүрэн зочид буудал хүртэлхи таксины мөнгө гаргахаар болов (10 $) :D

Хамгийн сонин нь ...

9. Австралийн тэмдэглэл, Casino

Ингээд казино явах замдаа казино-гийн тухай мэдэх мэдэхгүйгээ бодож мэдлэгээ цэгцэлэхийг оролдов. Хэхэ мэдлэг гэнэ шүү... толгойд үнэндээ бол бодлын үндэс болох 材料 суурь материал юу ч байхгүй :)

Санасан нь гэвэл арван жилд уншиж байсан Стефан Цвейгийн нэгэн өгүүллэг. Тоглох дуртай баян баагий казинод өөрийг нь хүлээж ядаад уйддаг эхнэртээ тоглохгүйгээр цагийг зугаатай өнгөрөөх арга зааж өгнө. Тэр нь тоглож буй хүмүүсийн царайг биш гарыг нь харж ажиглах. Ихэнхи хүмүүс сэтгэлээ барьж нүүрэндээ “юу ч болоогүй” маск зүүж чаддаг ч үнэхээр их хэмжээний мөнгө, эсвэл бага хэмжээий боловч сүүлчийн мөнгөө тавих гэх мэт “үхэх үү сэхэх үү” байдалд ороход гар хуруу нь янз бүрээр хөдөлж сарвагнаад тэднийг азаартуулчихдаг. Учир нь ихэнхи хүмүүс зөвхөн нүүр царайгаа л анхаарна. Даанч poker face царайлах гэж чармайхдаа биеийн бусад хэсгээ мартчихна. Эхнэр нь яваандаа тоглож буй хүмүүсийн гар хурууг ажиглаж тэдний сэтгэлийн байдал, ааш араншинг таах дуртай болдог. Өөр санасан зүйл гэвэл бас л нэг зохиол. “Confessions of yakuza”-д хөгшин якуза босс “One glance at a player is usually enough to tell you what kind of person he is. The loser in life is a loser at dice.He’s so keen to win he can’t see how things are in as a whole” гэж ярьдагийг яагаад ч юм цээжилчихсэн байж. Нэг иймэрхүү л “онолын мэдлэгэтэй” казиногийн үүд татав.

Казино ороод нэг гайхсан юм гэвэл хэдэн тасгийн дотоод дизайн тэр чигээрээ “chinese style” . Бүр хятадад байна уу, хаана байна уу гэмээр. Үүднээс эхсүүлээд энд тэнд луу зураастай, улаан өнгийн ханз бичиг унжаастай. Хятадуудын 徹底的な拝金主義 болон Шанхайд хотын иргэдээс мөнгөний тухай санал асуулга авахад 90% нь мөнгө аз жаргал авчирна гэж хариулсан тухай япон сэтгүүлээс уншиж байснаа санав.

Тоглож буй хүмүүсийг харахад мань хэд шиг хараажийн танигдах жуулчид ч байна, нутгийн хүмүүс ч байна, гоёж гангарсан хосууд ч байна, гутлаа чичирсэн баагийнууд ч байна. Нэг удаад 500, 1000 доллар тавих ширээнд хятад, араб царайтай, голдуу хөгшин хүмүүс тоглож харагдсан. Тэдний дунд ганц хоёр хижээл насны авхай ширээг чимэж сууна, урдаа эрчүүдээс дутахгүй 100$ coin хэд хэдэн эгнээ өрөөстэй.

Мань хэд ч яахав, хүмүүсийг харж баахан алмайрч байгаад дор бүрдээ 50 доллараар тоглохоор шийдэж 50$ дуусангуут казиногоос гаръя гэж ярилцаад тоглоомын ширээ өөд дөхөв.

2008/11/04

8. Австралийн тэмдэглэл, Sydney, casino

 

Өдөр: Опера Хаус 
Опера хаус харж  бүгдээрээ ногоон зүлгэн дээр гэдсээ элж гэдэргээ харж баахан хэвтэв. Токиод ингэж тэрийж хэвтэх боломжтой газар байдаг ч болоосой гэж баахан мөрөөдөв.

Хажууд Тарог siesta -даж хурхирч байх хооронд бүсгүйчүүл бие биедээ аж амьдралынхаа эрээн бараан, ээдрээтэй эргэлзээтэй, эргэчихсэн эргэлдчихсан бүхнийг report хийцгээв. Японд байхдаа бүгд завгүй, тухтай уулзах завсаргүй тул боломж олдсон дээр гэсэн шиг гурвуулаа амнаасаа хөөс савируулах нь холгүй бурцгаав... хэхэ

Орой шөнө: Казино
Гол санаачлагч бол Таро. Дагалдан баясагчид нь хоёр япон & нэг монгол, нийт гурван бүсгүй. Залруулга: гурван cute бүсгүй :) Бүсгүйчүүл урд өмнө нь казино орж байгаагүй тул “ганцаараа биш бол гайгүй, андуудтайгаа бол айлтгүй” гэдэг уриан доор казино явах санаачлагыг бүрэн дэмжээд. Бас эхний удаадаа “туршлагай” Тарогоор учир начрыг заалгаад авбал дараа хаа нэг газар аялж яваад казино ормоор санагдвал айлтгүй болно гэсэн давхар нарийн тоцоотой... hehe

2008/11/03

7. Австралийн тэмдэглэл: Sydney & UB

Sydney-д байхдаа өөрийн эрхгүй цагийн сайханд “Азийн цээжинд гэрэлтэх сувд” гэгдэж байсан ч эдүгээ утаа манан бурантаг болж хувирсан Утаанбаатар хотоо бодож явав. Ноднин “Financial Times” муу хотыг минь “Ulan Bator is not a nice city from the arhitectoral point of view. It is a clash of old ugly Soviet architecture and a monumental modern buildings with a tasteless Chinese flavour” гэж бичсэнийг уншаад муу хотоо "өмөөрмөөр санагдавч үг олдохгүй" гэгч болж билээ. Бас үг нь олдож өмөөрлөө ч "үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй" гэгчийг өөрийн биеэр үзүүлчих гээд байдаг. Бас нэг танил япон モンゴルはゴビ砂漠、ウランバートルはゴミ砂漠 гэж байсаныг чөлөөт байдлаар орчуулбал "Монголын говь бол элсэн манхан, Улаанбаатар хот бол хогийн манхан".

Барилгын ажил дэндүү замбараагүй явагдаж буйг хэн хүнгүй хэлж ярьж шүүмжилж байна. Гэхдээ яг ямар бодлогын дагуу, юуг чухалчилж, юуг золиослож хотоо барилгажуулах вэ гэдэг асуудлаар тодорхой яриа discussion бараг байхгүй юм шиг санагддаг. Хэдэн санаа хэлэхэд:

1. Миний бодлоор УБ-т зайлшгүй хадгалж үлдээх ёстой хэдэн байшин бий:
Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музей, талбайн хажуугийн хуучин хэвлэлийн үйлдвэр (тэнд Сүхбаатар ажиллаж байсан), анхны хувьсгалчдын нууц цуглаан хийж байсан дүнзэн байшин, Төв шуудан, Нэгдүгээр сургууль.

2. Мөн устаж үгүй болсон цөөхөн хэдэн сүмээ одооноос бодож эхэлмээр санагддаг. Гандан өндөрлөг газар байгаа болохоор одоохондоо гайгүй байгаа ч яваандаа эргэн тойронд нь өндөр өндөр байшин босч хотын маань унаган төрх алдагдчих вий гэж айна. Чойжин ламын сүмд яг тулгаад Silk Road ресторан барьчихсантай адил.

3. Бүх орон сууц хүүхдийн тоглох талбайтай байх ёстой гэсэн хууль баталж гаргамаар. Одоогийн байдлаар угаасаа цэцэрлэг модоор тарчиг хот маань яваандаа огт хүүхдийн гулгуур, дүүжин савлуургүй болох шинжтэй (зарим хэсэгтээ аль хэдийн тийм болчихоод байна) .

4. Хэдий социализмын үеийн байшингууд тиймэрхүү ч гэлээд Улаанбаатар хотын түүхийг өгүүлэх нэгэн өвөрмөц төрх мөн билээ. 50 жилийн дараа түүхэн чухал дурсгал болно. Ugly гэвэл гуравдугаар юмуу нэгдүгээр хорооллын орон сууцны байшингуудыг тэгж хэлж болох. Харин төвийн хэдэн намхан намхан шар байшингууд маань надад лав хөөрхөн санагддаг. Хичээл тараад тэр хавиар зугаалж явахад сайхан л байсан... Оронд нь баахан өндөр байшин босчихвол надад лав харамсалтай. Даанч энэ тухайд санал нийлэх хүн бага юм даа.

6. Австралийн тэмдэглэл, Sydney

1) Sydney хот модоо хайрладаг.

Айл бүрийн хашаан дахь модны тоо албан ёсны бүртгэлтэй. Хэдий өөрийн хашаа байшин, хувийн өмч гэлээ модоо дур мэдэн тайрч болохгүй. Яах аргагүй тайрах шаардлага гарвал заавал тусгай зөвшөөрөл авна. Ургаа модыг бүхэлд нь тайрах байтугай ганц хоёр мөчир хүртэл дур зоргоор тайрах хориотой.

2) Sydney хот байшин барилгаа хайрлан хамгаалдаг.

Эртний байшин, гүүр, гудамж гэдэг хотын архитектурын түүхэн өв сан. Тиймээс тусгай хамгаалалтанд байх ёстой. Тусгай хамгаалалт гэдэг нь хүвь хүн, пүүс компани дураар буулгаж нураах бүү хэл, дур мэдэн засвар хийж шинэчилж өөрчлөх эрхгүй. Хүмүүс нь ч эртний байшин барилгадаа их хайртай.

Улсын хамгаалалтанд зөвхөн ямарваа нэгэн түүхэн үйл явдал болсон нэртэй цуутай дурсгалт байшин биш, хуучны гэмээр бүх байшин орно. Би сайн мэдэхгүй ч мэдээжийн хэрэг ямар байшинг “хуучинд” оруулах тухай нарийн хэмжүүр байдаг байх. Darling Harbor-с уруудаж явахдаа таарсан нэгэн хана нэлээдийг бодогдуулав: зүгээр нэг шар өнгийн шавар хана. Цагийн сайнд гайгүй том байшингийн хана байсан бололтой. Дундуураа цуурч муураад энд тэнд тойпуу уначихсан харагдана. Ондоо улс бол аль хэдийнээ нураагаад оронд нь өөр юм барьчихна даа.

Харин учрыг асуутал Сидни хот барилга байшингаа алаг цоог үздэггүй гэнэ. Зөвхөн бүтэн байшин барилгаа хамгаалаад зогсохгүй эртний барилгын үлдэгдэл бол ганц хана ч байсан хамаагүй хойч үедээ үлдээхийг боддог ажээ. Ганц цэрэг юү гэдэг билээ дээ, түүн шиг ганц хана ч гэсэн хотын түүхийн нэгэн хэсэг. Нураах битгий хэл эргэн тойронд нь тодорхой зайнд хамаа намаагүй барилгын ажил явуулах хүртэл хориотой.

Эцэст нь дүгнэхэд муу Улаанбаатраа бодож үе үе санаа алдсан өдөр байлаа...

5. Австралийн тэмдэглэл, Sydney

Sydney хот, анхны сэтгэгдэл:   

Ази, африк, европ, энэтхэг, непал, турк, араб...   
Өнгө өнгийн арьс, түмэн янзын царай, төрөл бүрийн хэл.    
Цоглог, золбоолог, нарлаг, найрсаг.  
Нүүр дүүрэн инээмсэглэл, цээж дүүрэн позитив энерги.   

Бүсгүйчүүлийн анхааралд: very fashionable :)

4. Австралийн тэмдэглэл : Хурим


  

Хурим ба хувцаслалт (далийлт)  

Илүү үг болгож хэлэхэд би энгийн эсгүүртэй, хуучны кинонд гардаг шиг дээлэнд дуртай. Сүүлийн үеийн янз бүрийн загвартай янзын янзын дээлэнд ерөнхийдөө дургүй талдаа. Гадныхан ч china dress гэж андуураад байдаг нь ядаргаатай. Тэр болгонд нь "Хүүеээ, тийм бишээ, үүх түүхийг нь яривал миний энэ дээл ч бай, хятадуудын биеэ барьсан china dress ч бай, аль алиных нь загварыг цэвэр монгол, эсвэл цэвэр хятад гэж хэлэх аргагүй. Хоёр зуун жилийн өмнө манжийн нөлөөгөөр одооны энэ загвар тогтсон байхгүй юу" гэж тайлбарлах болно. Даанч ийм тайлбар сонсоод ойлгох хүн ховор тул үргэлжлүүлж тайлбарлана.

"Манжийн ноёрхолд эхлээд хятад, дараа нь төвд, дараа нь монгол орсон. Тэгээд манж нар бүгдийг нь хүчээр дээлнийхээ загварыг өөрчлөхийг шаардсан юм. Гэхдээ монголд лам нар одоо ч гэсэн хуучин загвартай монгол дээлээ өмсдөг. Гол ялгаа нь дээлний хэлбэр гэхээс, энгэрийн хэлбэрт оршино. Манж нар зөвхөн лам хүнд монгол энгэртэй дээл өмсөхийг зөвшөөрсөн тул манжид эзлэгдсэний дараа омог бардам олон эрчүүд манж энгэртэй дээл өмсөхгүй гээд лам болж байсан түүхтэй. Тиймээс дээлний энгэр солиулна гэдэг хэний ноёрхолд байгаагаа байнга санаж явтугай гэсэн утгаас гадна, монголд бурхны шашин улам дэлгэрүүлэх гэсэн давхар бодлоготай бас холбоотой.

Монголчууд гэхдээ зүгээр үг дуугүй дээлний энгэрээ солиогүй, оронд нь эсэргүүцлээ илэрхийлж тэр болтол байгаагүй шинэ загварын малгай хийж өмсдөг болсон. Тэр малгайн бараг оёос болгон монголын эрх чөлөөг билэгдсэн нарийн учиртай (дээрх зураг). Харин дээлний энгэр яваандаа манж гэдэг нь мартагдсан, малгайны учир ч мөн адил..." гээд яриад байвал дуусашгүй.

Даанч Монгол улс, монголын түүхийг сонирхдоггүй л юм бол энэ тайлбарыг ойлгох хүн цөөхөн. Зарим нь, ялангуяа барууныхан манж гэхээр хятадтай хольж хутгаад ямар үндэстэн угсаатан болохыг ч мэдэхгүй. Суурин биш монгол, казах, киргиз нартай адил нүүдэлчин ард түмэн байсан гэхээр нүд нь орой дээрээ гарна, тайлбарлах гэж бөөн ядаргаа...

Эргээд уншсан чинь энэ & өмнөх хоёр тэмдэглэл австралийн гэхэд хэцүү тэмдэглэл болжээ :)

3. Австралийн тэмдэглэл : Хурим

Хурим ба хувцаслалт (залуучуудад сонирхолгүй).

Австрали явахаас өмнө бид хэд garden wedding, casual wedding гэхээр юу өмсвөл зохилтой вэ, ер нь юу өмсдгиймбээ гэж Гретаг жаал шалгаагаад. Мань хүн даанчиг тоохгүй. "Зүгээрээ, тун энгийн casual  маягийн хурим болно. Та нар хаа хол японоос элдэв юм авчрах хэрэггүй. No necktie учир ерөөс санаа зоволтгүй" гэх төдий. Тэгэхээр нь залхуу хүн биеийн амрыг нэг номерт бодоод, чемоданд эзлэх зайг хоёр номерт бодоод бэлдсэн дээлээ цааш хийж зуны нэг муу юбка сонгов. Хуримын өмнөх өдөр гэрээр нь зочлохдоо мань хэд “наад casual гээд байгаагаа нэг сайхан тайлбарла даа, яг яадаг хурим вэ” гэж дахин шалгаав. Грета  авч хэлэлцэхгүй хэвээрээ. “Өө, аягүй энгийн хурим хийнэ, та нар одоогийн наад хувцастайгаа яваад очсон ч ОК, жийнс шорт футболкатай байсан ч хамаагүй” гэж инээхээс цаашгүй.

За тэгээд 70–аад хүн цугласан хуримын өдөр. Жийнс футболкатай хүн бол зөвхөн манай Таро. Би & япон найз бүсгүйчүүл маань япон үзэмжээр гоёмсогдуу боловчу австрали олны байдалтай харьцуулахад хамгийн даруу, хамгийн энгийн, хамгийн ... тиймэрхүү хувцаслалтай.

Ингээд сургамж 1 : Хурим найранд better be overdressed than underdressed.

Грэтагийн ээж “Ямар харамсалтай вэ, чамайг би монгол сайхан үндэсний өмсгөлөө өмсөнө гэж бодсон юмсан, гэхдээ холоос авчрах хэцүү байсан байлгүй дээ” гээд.

Ингээд сургамж 2 : Гадаад хүний хурим найранд монгол хүн дээлээ өмсөх нь хамгийн зөв. Уул нь бусад бүх найзуудынхаа хуриманд байгаа хэдэн дээлээ ээлжлэн өмсч элээж байсан л даа. Даанч энэ удаа “casual” гэдэг үгэнд жаахан хулхидуулчихлаа. Бас залхуу зан минь надаар тоглочихлоо ...

2. Австралийн тэмдэглэл : Хурим

Австрали руу их сургуулийн гурван япон найзтайгаа дөрвүүлээ явсан. Хуримаа хийх Грета & бид хэд нэг сургуулийн нэг семинарт харьяалагдаж байсан нэг ангийн хүүхдүүд гэх үү дээ. Грета бид хоёр бас оюутны байранд нэг жил хамт амьдарч нэг бус удаа ууж наргиж... нэлээд юм болж явсан улсууд... хэхэ

Явахаасаа өмнө бид хэд цуглаж оюутан насныхаа паянгаа баахан дурсаад. Грета маань Окинавад болсон ゼミ合宿 үеээр нэг сайн согтсон гавьятай. Ер нь бүгдээрээ нийлж согтсон тоогоо алдсан л даа... гэхдээ тэр удаагийнх бол тасархай. Яасан гэвэл ингэсийм: согтсон Грета нам унтаад, маргааш нь гар өвдөөд байна гэсээр босч ирэв. Манай семинарыхан яахав дээ "Яасим болааа... Маргааш Токио буцна шдээ, тэсчих үү?" Грета ч "Нээрээ буцахын хооронд тэсье, тэсье". Тэгсэн буцаж ирээд эмчид үзүүлтэл гарных нь яс нь хугарсан болж таардгиймдаа. Булгалт, булчин тасралт, ясны цууралт этр биш. Бүрэн дүүрэн ясны хугаралт. Мань хэд ёстой хэлэх үггүй алмайрсаншд. Грета харин хэдхэн хоногийн дараа "Хүүе, осолын даатгалын мөнгө авчихлаа, бүгдээрээ хичээлийн дараа ууцгая" гээд зогсч байсан.

Англи хэлний хичээлд явах замд Гретатай тааралдвал “Хоёулаа явж нэг юм идье, англи хэлний хичээлээ надтай хийчих, плз плз плз” гэж хоёр гурав гуйлгуулж гуншуулаад хичээл пялж кафед чалчиж суух бол давтамж ихтэй жирийн үзэгдэл... хэхэ Тэгээд яг хичээл хйиж харагдана шдээ, хоёуулаа японоор залуучууд этр баахан балай юм ярихаас цаашгүй ... кк

Миний 送別会 дээр Грета "Сүрэн чи энэ өдрийг хэзээ ч битгий мартаарай" гээд ширээн дээр байсан хэдэн тавгаас цүнх рүү шууд аваад хийчихэв. Би чинь 小者 ,  тэрүүхэндээ үйлчлэгч харсан бол яаанаа ийнээ... гээд догдлоостой. Ийм учир шалтгаанаар монголд манай гэрийн гал тогоонд Ватамигийн хоёр таваг заларсан түүхтэй. Нутаг буцахад найзууд минь олон сайхан бэлэг өгсөн, гэхдээ Гретагийн энэ бэлэг дантоцү нэг номерт. Гагцхүү Ватамид ажиллаж байгаа/байсан хүн л бүү ирээсэй манайд... кк
 
Найзуудтайгаа "Ийм паянтай явсан Грета одоо ерөнхий сайдын тамгын газар ажиллаж байгаа шдээ, Австрали улс гайгүй л байгаа даа" гэж нэг яриад, "Манай Грета байсан цагт Австрали орон алзахгүй" гэж нэг маргаад. Манай хэд бас болоогүй, чамайг Монголдоо буцаж улсын ажил хийвэл бид хэд семинаараараа очиж Сүрэнгийн паянг сүрэг олон монголчуудад дэлгэнэ гэсэн... тиймээс хэсэгтээ энд байна аа :)

1. Австралийн тэмдэглэл 2008.02.14-24


Австрали янзын сайхан яваад ирлээ. Бүр дэндүүүүүүү гоё яваад ирлээ. Ингэж гоё явах бас онцгүй юм байна... Эргээд ирсэн чинь бүтэн долоо хоног нүдний өмнө уул хад, эвкалипт мод, уудам тал харагдаад, Сидней Мельбурн хотуудын хөл хөдөлгөөн зүүдлэгдээд, үлгэрийн орноос ирсэн юм шиг бодит ертөнц бор саарал санагдаад ... алгын чинээ өрөө, аймаар шахцалдаантай өглөө оройны богоондоо эргэж дасах гэж бөөн юм боллоо. Тэмдэглэл бичихээс жаахан цааргалсан ч найзууд урмын үг хайрласан тул арван хоног явснаа арваад тэмдэглэл болгохоор шийдэв.

----------------------------------------------------------

Depart  14 Feb. 21:15 Narita 
Arrive  15 Feb. 10:45 Sydney   

Өглөө 5 цагт Кэанз (Cairns-ийг ингэж галиглах зөв үү?)-д онгоц солисон тул аймаар нойрмуу хүн Сиднейд буув. Сиднейгээс найзуудын хурим болох нийслэл Канбэрра руу автобусаар гурван цаг. Хот хоорондын автобус хүлээх хуцагаа 45 мин.

Хийх юмгүйдээ охид бүсгүчүүлийн fashion check, залуучуудын "буяны юмны" check хийсэн шигээ нааш цааш холхих хүмүүсийг харж баахан зогсов. Бүр уйдахдаа замын нөгөө талд баригдаж буй барилгын зургийг татаж нэг аваад, ойртуулж нэг аваад... найзаасаа зээлсэн зургийн аппаратыг янз янзаар судалсан шигээ.

Тэгтэл тээр дээрээс томоо гэгчийн хавтан буулгаж байсан барилгачид гэнэт бүгдээрээ миний зүг гараа даллав... Андуурсан болов уу гээд ахиад хартал яах аргагүй над уруу гараа даллаж байна! Баярласандаа болооод барилгачдын зураг бас баахан дарав . Иийнхүү японоос тэс ондоо газар ирснээ онгоцны буудлаас шууд мэдрэв. Ирсэн хэрэг зорилго, бүх юм сайхан санагдаж сэтгэлд нэг л гоё гэгээ татаад. Хүн баярлахад их юм хэрэггүй, хаа холоос хэн нэгэн даллахад л хангалттай :)

P.S. Зурган дээрх барилгачид бүгдээрээ маш сайхан залуучууд гэдэгт бүрэн итгэлтэй байна. Харамсалтай нь яг даллаж буйг нь авч амжсангүй - намайг алмайран гайхаж байх хооронд эргээд ажилдаа орцгоосон юм.